Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ТЕХРАН, 2026 оны долоодугаар сарын 6 /Reuters/. АНУ-Израилын өгсөн цохилтод өртөн амиа алдсан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг оршуулах ёслол ням гарагт боллоо. Аятолла Али Хаменеин гурван хүү эцгийнхээ болон гэр бүлийнхээ дөрвөн гишүүний шарилын дэргэд залбирал үйлдсэн боловч эцгийгээ залгамжилж Ираны дээд удирдагч болсон Можтаба Хаменеи уг ёслолд оролцсонгүй.

Техраны шашны томоохон цогцолбор болох Имам Хомейни Их Мосаллагийн уудам хашаанд тавьсан шарилуудын дэргэд Али Хаменеин гурван хүү болох Мостафа, Мейсам, Масуд Хаменеи нар залбирч байгааг Төрийн телевизээр харуулжээ.

АНУ, Израил хамтран өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх үеэр тэдний эцэг, гэр бүлийн бусад хэд хэдэн гишүүний хамт агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн юм.

Талууд гал зогсоох хэлэлцээрт хүрэхээс өмнө хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн уг мөргөлдөөнийн улмаас бүс нутагт олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан ч Исламын хувьсгалт гвардийн корпусын дэмжлэгтэй Ираны шашин, төрийг хослуулсан текрат засаглал хэвээр үлдсэн юм. 

Исламын Бүгд Найрамдах Иран Улс төр засагтаа үнэнч байх, хувьсгалт үзэл санаагаа олон нийтэд харуулахын тулд Али Хаменеиг оршуулах ёслолыг долоо хоногийн турш өргөн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд түүний шарилыг хөрш Ирак улс дахь шиитүүдийн шашны дагшин газруудаар тойруулах ёслол хийх ажээ.

Ираны өндөр албан тушаалтнууд, гадаадын төлөөлөгчид салах ёс гүйцэтгэхээр нэг өдрийн турш дотор байрлуулсны дараа Хаменеин шарилыг бямба гарагт охин, хүргэн, бэр болон 14 сартай ач охиных нь шарилын хамт гадаа байрлуулан тавьжээ.

Ням гарагт цэргүүд, шашны сургуулийн оюутнууд болон жирийн иргэдээс бүрдсэн олон арван мянган гашуудагч Хаменеи болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэхээр Мосалла руу цувсан байна. Тэд Америк, Израилаас өшөө авахаа амласан уриа лоозон бүхий туг барьсан байв.

Бусад хүн Хаменеи 1989 онд залгамжласан Ираны анхны дээд удирдагч Хомейнийн нэрэмжит цогцолборт нэгэн дуугаар залбирч байлаа.

Ираны төрийн хэвлэлүүдээр мэдээлснээр, оролцогчдын тоо маш их байсан тул салах ёс гүйцэтгэх ажиллагааг нэг цаг орчмоор сунгаж, орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Израил, АНУ хамтран Ираны байгууламжуудыг бөмбөгдөх үеэр эцэг болон гэр бүлийн гишүүд нь амиа алдаж, Можтаба Хаменеи шархадсан гэж мэдээлснээс хойш тэрбээр олон нийтийн өмнө гараагүй, түүний ямар нэгэн зураг хөрөг ч нийтлэгдээгүй байна. Можтаба Хаменеин нүүр нь зэрэмдэглэгдэж, нэг эсвэл хоёр хөл нь хүнд шархадсан гэж түүнд ойр эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.

Оршуулах ёслолын үеэр шинэ дээд удирдагчийг харна гэж найдаж байсан нэгэн гашуудагч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. “Залбирал эхлэхээс хамгийн сүүлийн мөч хүртэл би эргэн тойрныхоо хүмүүст (Можтаба Хаменеи) өөрөө ирнэ гэж найдаж байгаагаа хэлж байсан. Энэ л бидний цорын ганц хүсэл байлаа” гэж нүүрээ будаж, нарны шил зүүсэн залуу эмэгтэй хагас албан ёсны “Тасним” мэдээллийн агентлагт ярьсан байна.

АНУ-ын засаг захиргаатай гал зогсоох хэлэлцээр байгуулснаар дөрвөн сар үргэлжилсэн дайн түр зогссон бөгөөд Ираны эрх баригчид үүнийг “их гүрнийг ялсан ялалт” хэмээн тодорхойлж, эцсийн дүндээ эдийн засгийн асар их үр өгөөж авчирна гэж мэдэгдэж байв.

Дайны үеэр Ираны хамгийн өндөр албан тушаалтай олон улс төрч, цэргийн командлагч нарыг оруулаад 3000 гаруй хүн амиа алдсан байна. Мөн цэргийн баазууд, дэд бүтцүүд сүйдэж, олон тэрбум ам.долларын хохирол учирчээ.

Гэсэн ч Ираны тал бүс нутаг дахь АНУ-ын баазуудад цохилт өгч, тэдгээрийг байрлуулж буй Персийн булангийн Арабын орнуудад хохирол учруулж, Ормузын хоолойд хяналтаа тогтоож чадсан нь дэлхийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийг огцом өсгөсөн бөгөөд үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайвныг тогтоох үйл явцыг түргэтгэх шалтгаан болсон гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард байгуулсан түр хэлэлцээрт гадаад орнуудад царцаагдсан Ираны олон тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөх, мөн Ираны эдийн засгийг сөхрүүлээд байсан санхүүгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлах асуудлууд багтсан байна.

Д.Трамп “Axios” мэдээллийн цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа, оршуулах ёслолтой холбогдуулан энхийн хэлэлцээг нэг долоо хоног түр зогсоосон гэж мэдэгджээ.

Ням гарагт Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын дарга Мохаммад Багер Галибаф нар шарилуудын дэргэд залбирал үйлджээ. Имам оршуулгын залбирал унших үед Масуд Хаменеи уйлж, Иран дахь дайчин хувьсгалт үзэл санаа болон палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байхын бэлгэдэл болсон дөрвөлжин хээтэй ороолт болох кеффиехээр нулимсаа арчиж байгаа нь харагдсан байна.

GolMedee

GolMedee

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн