Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 6. /ТАСС/. Норвегийн хөлбөмбөгчид ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Бразилын шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсоноор анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа.

АНУ-ын Ист-Ратерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Норвегийн шигшээ багийн довтлогч, ДАШТ-д анх удаагаа оролцож буй Эрлинг Холанд 79 ба 90 дэх минутанд дубль хийж, гоолын тоогоо 7 болгосноор Мбаппе, Месси нартай эн зэрэгцэж ирэв.  

Бразилын багийн цорын ганц гоолыг Неймар /90+10 минут/ 11 м-ийн торгуулийн цохилтоор орууллаа. Тэрбээр тоглолтын 67 дахь минутанд Габриэл Мартинеллигийн оронд сэлгээгээр орж ирснээр ДАШТ-ий 15 дахь тоглолтондоо оролцсон байна. Энэ үзүүлэлтээр Неймар дэлхийн гурван удаагийн аварга Пелег /14/ гүйцэж түрүүлжээ.

Тоглолтын 14 дэх минутанд Бразилын тоглогч Бруно Гимарайнс Норвегийн хаалганд заасан торгуулийн цохилтыг алдлаа.

Ийнхүү норвегчууд түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч байна. Өмнө нь Норвегийн шигшээ баг 1938 ба 1998 онуудад шөвгийн 16-д шалгарч байв.   

Ташрамд дурдахад, Норвегийн шигшээ бол бразилчуудад хожигдож байгаагүй цорын ганц баг ажээ. Өмнөх гурван тоглолтод скандинавчууд хожиж, хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.

Одоо тус баг шөвгийн 8-д Мексик, Англи хоёрын хожсонтой нь тоглоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн