Неймар үндэсний шигшээ багаасаа зодог тайллаа

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 6 /TASS/. Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч Неймар үндэсний шигшээ багийнхаа төлөө дахин тоглохгүй гэдгээ зарлалаа.

Неймар 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) 1/8 шигшээд Норвегийн багтай хийсэн тоглолтод (1:2) торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, 2023 оноос хойш Бразилын шигшээ багийн төлөө анхны гоолоо оруулсан юм.

“Би хичээсэн, гэхдээ одоо бүх зүйл дууслаа” гэж Неймар хэлжээ.

Өдгөө 34 настай Неймар 2025 оны нэгдүгээр сард Бразилын “Сантос” клуб рүү шилжсэн бөгөөд үүнээс өмнө Саудын Арабын “Аль-Хиляль” багт тоглож байсан юм. “Аль-Хиляль” руу явахаасаа өмнө Неймар Францын “ПСЖ” (Пари Сен-Жермен) багт хүчин зүтгэж байв. Парисын тус клуб 2017 онд түүнийг Испанийн “Барселона”-гаас авахын тулд дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болох 222 сая еврог төлж байсан билээ. Тэрбээр “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, Супер цомын тэмцээнд 4 удаа, Францын цомын тэмцээнд 3 удаа түрүүлж, Лигийн цомын 2 удаагийн аварга болсон юм.

Неймар мөн “Барселона” клубт тоглож байв. Тус клубт хүчин зүтгэж байхдаа Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа, тус улсын цомын тэмцээнд 3 удаа түрүүлж, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 1 удаа түрүүлж байлаа. Неймарын хөл бөмбөгчний замналаа эхлүүлсэн анхны клуб нь “Сантос” бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд тэрбээр Бразилын цом болон Либертадоресын цомыг хүртэж байв.

Неймар бол Бразилын шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч юм. Тэрбээр үндэсний багийнхаа төлөө 130 тоглолтод оролцож, 80 гоол оруулжээ. Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр Олимпын наадмаас алт (2016), мөнгөн медаль (2012), Америкийн цомын тэмцээнд (Копа Америка, 2021) мөнгөн медаль хүртсэнээс гадна, Холбооны цомын тэмцээнд (2013) түрүүлж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн