ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 6. /ТАСС/. Лондонд үргэлжилж буй Уимблдоны тэмцээний IV тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусийн теннисчин Арина Соболенко Японы тамирчин Наоми Осакад хожигджээ.
Тэмцээний чансааны 14 дүгээрт бичигдсэн Осака чансааны нэгдүгээрт бичигдсэн Соболенког 6:2, 7:6 (7:2) харьцаагаар илүүрхсэн бөгөөд шөвгийн 8-д Чехийн теннисчин Каролина Муховатай /10/ учраа таарлаа.
Өдгөө 28 настай А.Соболенко Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг 2024 оны 10 дугаар сараас хойш тэргүүлж байгаа юм. Тэрбээр тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлсэн байна. Тухайлбал, Австралийн Нээлттэй тэмцээн /2023, 2024/, АНУ-ын Нээлттэй тэмцээнд /2024, 2025/ аваргалжээ.
Өдгөө мөн 28 настай Н.Осака дэлхийн чансааны 14 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 7 удаа түрүүлжээ. Тэрбээр 2019 онд дэлхийн чансааг 25 долоо хоногийн турш тэргүүлж байв.
Уимблдон бол энэ улирлын Их дуулгын 3 дахь тэмцээн юм. Зүлгэн талбай дээр явагдаж буй 64.2 сая фунт стерлингийн шагналын сантай уг тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.
Өмнөх улирлын тэмцээний аварга, Польшийн теннисчин Ига Свёнтек III тойрогт Филиппиний тамирчин Александра Эала-д хожигдсон байна.