Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

ШИНЭ НЭР

Монголын оюуны спортын тод төлөөллийн нэг бол Өмнөговь аймгаас төрөн гарсан шатарчин Б.Халиун юм. Тэрбээр шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртэж, олон улсын тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Алслагдсан бүс нутгаас дэлхийн аварга болсон Монгол улсын Шатрын Олон улсын хэмжээний мастер Б.Халиунийг “NEWS” агентлаг залуусдаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа. Ингээд түүнтэй танилцъя.

БАТНАСАН ХАЛИУН: 2001.10.04

Төгссөн сургууль:

ОХУ-ын Москва хотноо Г.В. Плехановын Нэрэмжит Эдийн Засгийн Их сургууль

Одоо суралцаж буй сургууль:

Монгол Улсын Их Сургууль Хууль зүйн сургууль

Мэргэжил:

Сэтгэл судлал

Сошиал хуудас: 

: Khaliun Batnasan /фэйсбүүк/

Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

-ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ МӨЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ БОДОГДОЖ БАЙВ?

-Тэр тэмцээн миний амьдралын  том сорилтуудын нэг байсан. Би Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нэг жилийн завсарлага авч, зөвхөн дэлхийн аваргын тэмцээндээ бэлдсэн. Өглөө 10:00 цагт бэлтгэлдээ явж, орой 22:00 цагт гэртээ ирдэг байлаа. Бараг бүтэн нэг жилийн турш ийм л хэмнэлээр амьдарсан даа. Тэр хугацаанд миний өдөр бүрийн амьдрал шатар, бэлтгэл, давталт л байсан.

Дэлхийн аваргад аавтайгаа хамт явсан нь надад маш их урам өгсөн. Аав минь миний мөрөөдлийг дэмжихийн тулд газраа хүртэл зарж, тэмцээний зардлыг гаргасан. Тийм болохоор би зүгээр нэг өөрийнхөө төлөө биш, гэр бүлийнхээ итгэл, зүтгэлийг авч яваа гэдгээ маш сайн мэдэрч байсан. Надад асар том хариуцлага ирсэн мэт санагддаг байлаа. Түрүүлсэн мөчид хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол тайвшрал байсан. “Би чадлаа” гэсэн бодол, бүх дарамт нэг л агшинд алга болсон мэт санагдсан. Медалиа авсны дараа л би өөрийгөө ямар их ядарснаа ойлгосон. Гэхдээ тэр ядаргаа хүртэл сайхан санагдаж байсан.

Хамгийн дурсамжтай нь тэр баярт мөчид аав минь миний хажууд байсан. Надаас илүү баярлаж байгааг нь хараад би бүх хичээл зүтгэл минь үнэ цэнтэй байсныг мэдэрсэн. Энэ ялалт зөвхөн минийх биш, бид хоёрын хамтын ялалт байсан гэж боддог.

-ТОГЛОЛТЫНХОО ХЭВ МАЯГИЙГ НЭГ ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ? 

-Нэг үгээр тодорхойлбол тайван гэж хэлнэ. Би стратегид суурилсан тоглолтод илүү дуртай, тактикийн хурц, огцом шийдлүүдэд тулгуурласан хэв маягийн тоглогч биш. Тоглолтыг алгуур задлан, байрлалын давуу тал үүсгэж тоглох нь надад илүү тохирдог.

Ер нь шатарчдын сонгож тоглодог гараа нь тухайн хүний тоглолтын хэв маяг, зан чанартай их холбоотой байдаг гэж боддог. Миний багш, дасгалжуулагч нар анх Каталан (Catalan) гарааг надад санал болгож, чиний тоглолтын сэтгэлгээ, хандлагад яг тохирно гэж хэлж байсан. Тэр үеэс хойш би энэ гараагаар тоглож эхэлсэн бөгөөд одоо 10 жилийн турш тууштай ашиглаж байна.

-ШИЙДВЭРЛЭХ МӨЧИД АЛДАА ГАРГАВАЛ БҮХ ЗҮЙЛ НУРАН УНАХ ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ. ТЭР ҮЕД АЙДАСТАЙГАА ЯАЖ “ТОГЛОДОГ” ВЭ?

-Шийдвэрлэх мөчид айдас мэдрэгдэх нь мэдээж. Гэхдээ би тэр айдсыг хэт том зүйл болгож бодохоос илүү тухайн тоглолт дээрээ хамгийн сайнаараа хичээхэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.

Хожих ёстой гэж өөртөө дарамт өгөхийн оронд энэ мөчид зөв шийдвэр гаргая гэж бодож тоглодог.

Мэдээж аль болох алдаа гаргахгүй байхыг зорьдог. Миний хувьд хамгийн чухал нь нэг алдааг дахин давтахгүй байх.

-ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ БЭЛТГЭЛЭЭ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? ӨДӨР ТУТМЫН ДЭГЛЭМЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

-2020 оноос буюу оюутан болсноосоо хойш шатрын спортоос бага зэрэг хөндийрсөн. Гэхдээ томоохон тэмцээнд оролцох үедээ би бэлтгэлдээ маш нухацтай ханддаг. Ихэвчлэн тэмцээнээсээ зургаан сарын өмнөөс системтэйгээр бэлтгэлээ эхлүүлдэг.

Энэ хугацаанд өдөр бүр шатрын онол, гараа, дунд үеийн бодлого бодож, байрлалын ойлголтоо сайжруулахад анхаардаг. Өдөр тутмын дэглэмээ аль болох тогтмол байлгахыг хичээдэг. Тодорхой цагт бэлтгэл хийж, амралтаа зөв зохицуулна. Учир нь урт хугацааны тэмцээнд тэсвэр, төвлөрөл маш их шаарддаг. Тиймээс бэлтгэл гэдэг нь зөвхөн шатар тоглох биш, бие болон сэтгэлзүйгээ бэлтгэх үйл явц гэж боддог.

Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

-ЯМАР ТӨРЛИЙН ӨРСӨЛДӨГЧ ХАМГИЙН ХЭЦҮҮ САНАГДДАГ ВЭ?

-Надад хамгийн хэцүү санагддаг өрсөлдөгч бол өөртэйгөө ойролцоо буюу ижил түвшний тоглогчид байдаг. Ийм үед аль аль тал нь тоглолтыг сайн ойлгож, алдаа гаргахгүй байхыг хичээдэг учраас өрөг маш нарийн, тэвчээр шаардсан болдог.

Түвшин ойролцоо байх тусам жижиг алдаа хүртэл тоглолтын хувь заяаг шийдэх боломжтой. Тиймээс ийм өрөгт зөвхөн мэдлэг, ур чадвар гэлтгүй төвлөрөл, сэтгэлзүй ч маш чухал үүрэгтэй болдог.

-АНХ ШАТАР ТОГЛОЖ ЭХЭЛСЭН ТҮҮХЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ? ТЭР ҮЕД ӨӨРИЙГӨӨ ӨНӨӨДРИЙНХ ШИГ АВАРГА БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙВ УУ?

–Анх шатар тоглож эхэлсэн үеэ их тод санадаг. Тухайн үед аав, ээж хоёр маань намайг төвлөрч сууж чаддаггүй хичээлээ хийхгүй байна гээд Өмнөговь аймагт Спортын мастер Р.Гаадан багшийн сургалтад оруулж байсан. Ингээд дүүтэйгээ хамт явж эхэлсэн ч дүү маань удалгүй сонирхолгүй болоод больсон. Харин би шатарт улам татагдаж, бүр зүүдэндээ хүртэл тоглож байна гэж зүүдэлдэг байсан. Тийм хэмжээнд энэ спортод дурласан.

Миний хамгийн анхны тэмцээн Дундговь аймагт зохион байгуулагдсан Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэмцээнд би хамгийн сүүлд орж байснаа одоо ч тод санаж байна. Гэхдээ тэр үеэс л “нэг өдөр нэгдүгээр ширээн дээр сууж тоглох юм сан” гэсэн бодол төрж, илүү их хичээх урам өгсөн. Би шатар тоглож эхлэхдээ 13 настай байсан. Ихэнх шатарчид 5–6 настайгаасаа эхэлдэг болохоор өөрийгөө жаахан оройтсон гэж боддог байлаа. Гэсэн ч бага наснаасаа Олон улсын шатрын холбооны мастер (WFM) цол авах мөрөөдөлтэй явсан. Тэгээд 18 настайдаа тэр зорилгодоо хүрсэн нь миний хувьд маш үнэ цэнтэй мөч байсан.

Тэр үед өнөөдрийн амжилтаа төсөөлж байсан уу гэвэл магадгүй үгүй гэж хариулах байх. Гэхдээ шатартаа дурласан сэтгэл, тасралтгүй хичээл зүтгэл минь намайг алхам алхмаар энд хүргэсэн гэж боддог.

-АНХНЫ ТОМ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХДОО ӨӨРТӨӨ ЮУ АМЛАЖ БАЙСАН БЭ?

-Анхны том тэмцээнд орохдоо би өөртөө үр дүнгээс илүү тоглолт бүр дээрээ хамгийн сайнаараа хичээнэ гэж амлаж байсан. Тухайн үед надад туршлага бага байсан болохоор айдас, догдлол аль аль нь байсан. Гэхдээ би өөрийгөө бусадтай харьцуулахын оронд сурсан зүйлээ тайван гаргаж, нэг ч өргийг дутуу үнэлэхгүй тоглоно гэж бодсон.

Мөн ямар ч үр дүн гарсан бай, энэ тэмцээнээс заавал юм сурч гарна гэж өөртөө амласан. Миний хувьд тэр амлалт маш чухал байсан. Ялалт ч бай, ялагдал ч бай дараагийн алхамдаа хэрэгтэй туршлага болно гэж хүлээж авдаг байсан.

-ХОЖИЖ БАЙГАА ТОГЛОЛТОД Ч ГЭСЭН ТОЛГОЙД ЭРГЭЛДДЭГ АЙДАС, ЭРГЭЛЗЭЭ БИЙ ЮУ? ТЭР ҮЕДЭЭ ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ТАЙВШРУУЛДАГ ВЭ?

-Тийм мөчүүд мэдээж байдаг. Үүнийг би 2018 оны дэлхийн аваргын сүүлийн өрөг дээр хамгийн тод мэдэрсэн. Тэр тоглолт миний сэтгэлзүйд маш их дарамт өгсөн. Хэрвээ хожигдвол хүрэл медаль, хожвол нэгдүгээр байранд явж байгаа тоглогчтой оноо тэнцэж WCM цолны болзол хангана, харин тэнцвэл мөнгөн медаль авах нөхцөл байдал үүссэн байсан. Ийм үед толгойд маш олон бодол зэрэг орж ирдэг.

Би тэр дарамтыг бүрэн барьж чадалгүй, өрсөлдөгчдөө тэнцэх санал тавьж, тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Дараа нь бодоход хэрвээ тоглолтоо үргэлжлүүлсэн бол өөрөөр эргэх боломж байсан ч байж магадгүй гэж санагддаг. Гэхдээ энэ туршлага надад сэтгэлзүй ямар чухал болохыг маш тод ойлгуулсан.

Ялангуяа тэмцээний сүүлийн өрөг дээр тамирчны туршлага асар их нөлөөлдөг гэдгийг тэр үед мэдэрсэн. Тэр цагаас хойш би шийдвэрлэх мөчүүдэд илүү тайван байж, бодлоо цэгцлэхэд анхаардаг болсон. Тэмцээнд орохын өмнө өөртэйгөө хэдэн минут ярилцаж, “хамгийн сайнаараа тогло” гэж өөртөө хэлдэг дадал ч үүнээс хойш улам бат суусан.

Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

-ШАТАРЫН СПОРТ ХУВЬ ХҮНИЙ ЧИНЬ ХУВЬД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛСЭН ГЭЖ БОДДОГ ВЭ?

-Юуны өмнө шатар надад тэвчээртэй байхыг заасан. Нэг нүүдлийг яаралгүй бодож, үр дагаврыг нь тооцоолдог шиг амьдрал дээр ч шийдвэр гаргахдаа илүү нухацтай ханддаг болсон. Мөн хариуцлага, сахилга бат гэдэг ойлголтыг шатрын бэлтгэлээр дамжуулж сурсан.

-АНХНЫ АМЖИЛТ?

Миний анхны томоохон амжилт гэвэл Өмнөговь аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэнэ. Би тухайн үед 13–14 настай байсан санагддаг. Том тэмцээн байгаагүй ч миний хувьд шатартаа илүү дурлах, цаашид зорилготой хичээх эхлэл болсон гэж боддог. Одоо эргээд харахад, тэр жижиг мэт санагдах амжилт миний шатрын замналын хамгийн үнэ цэнтэй эхлэлүүдийн нэг байсан.

-ШАТРЫН СУРГАЛТЫГ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМАГ БАГШ НАРАА ХЭДИЙНЭЭ БЭЛДЭЭД ЭХЭЛСЭН ТАЛААР СОНСЛОО. ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛ ЗААХ ЯМАР БАЙДАГ ВЭ?

-Хүүхдүүдэд шатар заах сонирхолтой, бас хариуцлагатай санагддаг. Шатар бол зөвхөн тоглоом биш, харин хүүхдийн сэтгэхүй, төвлөрөл, тэвчээрийг хөгжүүлдэг гэдгийг заах явцдаа улам тод хардаг. Хүүхэд бүр өөрийн онцлогтой зарим нь хурдан ойлгож, зарим нь илүү хугацаа шаарддаг. Хүүхэд шинэ нүүдэл ойлгоод баярлах, өөрийн бодлоор тоглож эхлэхийг харах үнэхээр урамтай.

Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

-СУРАГЧ НАРТАА ЮУГ ИЛҮҮТЭЙ ЗАХИДАГ ВЭ?

-Би сурагч нартаа хамгийн түрүүнд тоглолт бүр дээрээ өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа хичээгээрэй гэж хэлдэг. Ялах, ялагдах нь спортын нэг хэсэг ч хамгийн чухал нь тухайн мөчид өөрийн чаддаг бүхнээ гаргаж тоглох явдал гэж боддог. Мөн хүүхдүүдийг шатар тоглохдоо зөвхөн нүүдэл цээжлэхээс гадна өөрийн мэдрэмж, сэтгэлгээгээ ашиглаж тоглоосой гэж хүсдэг.

-ӨӨРТ ЧИНЬ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛСЭЭС ХУВААЛЦВАЛ?

-Надад урам зориг өгдөг хамгийн том зүйл бол аав, ээжийн минь дэмжлэг. Тэмцээн тоглоод гараад ирэх бүрд аав, ээж хоёр маань инээгээд гараа цохиж баяр хүргэдэг байсан. Тэр жижигхэн мэт санагдах мөчүүд надад асар их урам өгдөг. Тоглолтын дараах тэр гараа цохих мэдрэмж одоо ч миний хувьд мартагдашгүй, хамгийн дулаан дурсамжуудын нэг. Намайг илүү хичээж, цааш явах хүч өгсөн гэж боддог.

-ОЙРЫН ЗОРИЛГО?

-Би шатрын спортоос хэдэн жилийн хугацаанд завсарлага авсан. Тэр хугацаанд их зүйл ойлгосон ялангуяа авсан цол, амжилтынхаа үнэ цэнийг хадгалах нь тогтмол хөдөлмөр, бэлтгэлтэй шууд холбоотой гэдгийг мэдэрсэн.

Тиймээс одоо би ажил, хичээлийнхээ хажуугаар тогтмол бэлтгэл хийж, формоо алдахгүй байхыг зорьж байна. Миний ойрын зорилго бол шатартаа эргэн илүү тогтвортой анхаарч, өөрийн чадварыг хадгалж, цаашид ахиулах. Энэ нь зөвхөн амжилтын төлөө биш, өөртөө өгсөн амлалт гэж боддог.

Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах л байсан

-ХАМГИЙН ТОМ ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ?

-Миний хамгийн том мөрөөдөл бол шатартаа тууштай хөгжиж, өөрийн боломжийн дээд хэмжээнд хүрэх. Медаль, цол бол мэдээж чухал ч үүнээс илүүтэй би өөрийгөө тасралтгүй сайжруулж, тоглогчийнхоо хувьд өссөөр байхыг хүсдэг. Мөн өөрийн хуримтлуулсан туршлагаа дараагийн үеийн хүүхдүүдэд хуваалцаж, шатрын спортыг илүү олон хүнд ойлгуулж, дурлуулахыг мөрөөддөг.

-ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Би эхлээд чадахгүй гэж бодож байгаа нь хэвийн зүйл гэдгийг хэлнэ. Би өөрөө шатар тоглож эхлэхдээ 13 настай байсан. Олон шатарчидтай харьцуулахад нэлээд орой эхэлсэн. Анхны тэмцээндээ хамгийн сүүлд орж байсан үе ч бий. Гэхдээ тэр үед би нэг л зүйлийг ойлгосон: эхлэл ямар байх нь чухал биш, харин бууж өгөхгүй байх нь хамгийн чухал.

Би чадахгүй гэсэн бодол ихэвчлэн айдас эсвэл өөртөө итгэх итгэл дутсанаас үүсдэг.

Харин өдөр бүр жаахан ч гэсэн хичээгээд байвал өөрийнхөө төсөөлснөөс илүү хол явж чаддаг. Би ч бас жижиг алхмуудаас эхэлж, алдаа гаргаж, тэднээсээ суралцсаар зорилгодоо хүрсэн. Тиймээс “чи одоо хаана байгаагаас илүү, хаашаа явахыг хүсэж байгаагаа бодоорой, тэгээд өдөр бүр нэг алхам хий” гэж хэлнэ. Өөртөө итгэж, тууштай байж чадвал боломж үргэлж байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн