“BTS”-ийн үнэгүй тоглолтыг 15 мянган хүн үзнэ

“BTS” хамтлаг ирэх сард “Gwanghwamun” талбайд үнэгүй тоглолтод зохион байгуулж, 15 мянган шүтэн бишрэгчээ баярлуулах болжээ. Тоглолтын үеэр 260 мянга орчим хүн “Gwanghwamun” талбайн ойр орчимд цуглана гэж тооцоолж байна. Энэ нь тоглолт зохион байгуулж буй талбайн үндсэн багтаамжаас бараг 11 дахин их тоо юм.

Давуу эрхтэй 15 мянган шүтэн бишрэгчийн тоонд багтаж чадаагүй хүмүүст зориулж тоглолтыг “Gwanghwamun” талбайн ойр орчмын барилгууд дээр суурилуулсан дижитал дэлгэцүүдээр шууд дамжуулна. Үүнд, “Koreana” зочид буудал, “KT Gwanghwamun West” барилга зэрэг багтах юм. Зохион байгуулагчид “Seoul Plaza”-ийн ойролцоо нэмэлтээр том дэлгэцүүд байршуулах талаар мөн бодож байна.

Тоглолт “BTS”-ийн тав дахь бүрэн хэмжээний цомог “Arirang” цацагдсаны маргааш болно. Хуучин уран бүтээлүүдээс гадна цомогт багтсан шинэ дуунууд ч уг тоглолтод багтжээ.

Хамтлагийн гишүүд “Gyeongbokgung”-ээс эхэлж алхсаар “Gwanghwamun” талбай руу орж ирэх байдлаар тоглолт сүртэй эхлэх аж.

Тайзтай хамгийн ойр зогсох 2000 үзэгчийг сугалаагаар сонгоно гэж “Weverse” платформд мэдээлжээ. Гэхдээ сугалаанд хэн дуртай нь хамрагдахгүй. Хэрвээ та албан ёсны “ARMY” гишүүн мөн бол, шинэ цомгийг урьдчилж захиалсан бол сугалаанд хамрагдах эрх үүснэ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн