Америкийн технологийн компаниудад Дижитал үйлчилгээний татвар ногдуулсан Европын орнуудад 100 хувийн импортын тариф ногдуулна гэж Трамп хэллээ. Тэрбээр “Truth Social” хаягаараа жиргэхдээ “Европын цөөнгүй улс ийм татварын талаар хэлэлцэж байгаа юм билээ. Зарим нь юу юугүй үүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаа. АНУ хариу арга хэмжээг нэн даруй, одоо байгаа хоёр талын худалдааны хэлэлцээрийн оронд хэрэгжүүлж эхлэх болно” гэжээ.
Дижитал үйлчилгээний татвар гэх зүйлийг Европын орнууд дундаас Их Британи ганцаараа хэрэгжүүлдэг. Их Британи 2020 оноос хойш Дижитал үйлчилгээний хоёр хувийн татварыг хэрэгжүүлж буй тул энэ удаагийн 100 хувийн тарифт хамрагдах эсэх нь тодорхойгүй байна. Тус татвар нь дижитал бизнесийн орлого нь 500 сая фунт стерлингээс давсан, Их Британи дахь нийт орлого нь 25 сая фунт стерлингээс давсан томоохон платформуудад хамаардаг.
Тэгэхээр Дижитал үйлчилгээний татвар нь “Apple”, “Google”, “Meta”, “Amazon” зэрэг АНУ-ын хамгийн том компанид нөлөөлнө гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэж байна. Тус компаниудын бизнесийн орлого 2024-25 онд 800 сая фунт стерлингээс давсан аж.
Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ асуудлаар Их Британийг буруутгаж байсан. “Тэд амархан мөнгө олно гэж бодож манай улсыг ашигласан” гэж Трамп тухайн үед хэлж байсан юм.