Н.Учрал: Эдийн засгийн өсөлтийг өрх рүү чиглүүлж байна

УИХ-ын энэ сарын 26-ны өдрийн хуралдааны УИХ-ын асуулгын цагаар “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” гэдэг сэдвийг хөндөж, энэ асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлогыг тодрууллаа.

Монгол Улсад нийгмийн хамгаалал, халамжийн асуудал нь тулгамдсан, ил тод болгох ёстой чухал сэдэв гэдгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодотгоод, сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг харахад нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нь нийтийн халамж болж хувирсан гэдэгтэй санал нийлж буй эсэхийг тодруулав.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд бид нийгмийн хамгаалал, халамжийг нэг саванд хийж явсантай санал нэгдэж байна гэв. Засгийн газраас уг асуудлыг шийдэхийн тулд “Чөлөөлье” гэдэг санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг өрх рүү улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Нийгмийн хамгаалал, халамжийн хүрээнд жилд 2.4 их наяд төгрөгийг иргэдэд хуваарилж буй. Үүний 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө. Тэгэхээр нийгмийн хамгаалал, халамж хоёроо салгаж ойлгох ёстой. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүгээр нийгмийн халамжаа нийгмийн хамгааллаас нь салгаж харах зорилгод чиглүүлж байгаа гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгөв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын 3.6 сая иргэний хөдөлмөрийн насных нь 2.3 сая байна. Үүнээс хүүхэд орохгүйгээр бараг 1 сая иргэн ямар нэгэн хэмжээгээр халамжид хамрагдаж, 2.5 их наяд төгрөгийн мөнгөн дүнг зарцуулсныг багасгах, халамж хамгаалалаа хэрхэн ялгах вэ гэдгийг лавласан. Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн халамж нь нийгмийн хамгааллын нэг бүрэлдэхүүн хэсэг тул тусгай бодлоготой байдаг. 2.4 их наяд төгрөгийн нийгмийн халамж, хамгаалалд зарцуулж байгаагийн 72 хувь нь хүн амаа өсгөх бодлогод чиглэж 1.7 их наяд төгрөгийг хүүхэд, эхэд олгосон.

Үүнийг бид халамж гэж ойлгодог. Арав гаруй жилийн хугацаанд хүн ам 400 мянгаар өссөн тул Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль руу тусгаад энэ хөтөлбөрөө хэзээ дуусах вэ гэдгийг томьёолох зорилттойгоор үзэл баримтлалыг нь углуургаар нь харж байгаа гэв. Мөн тэрбээр асуудлыг углуургаар нь харахгүй бол бүгд халамж хавтгайрлаа гэдэг атлаа иргэдээ хэзээ ядуурлаас аврах, хэзээ ажлын байран дээр бэлтгэх асуудал тодорхойгүй тул сонгуулийн өмнө дандаа олон нийтэд хайр зарлаж, найр тавьсаар энэ тогтолцоог эвдсэн гэж байлаа.

Дараа нь цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, П.Батчимэг, Б.Жаргалан, Н.Энхнасан, Г.Уянгахишиг нар асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүд Ерөнхий сайдаас сүүлийн 10 жил улс төрийн албан тушаал хашиж байсан хүний хувьд ядуурлыг хоёр дахин бууруулж, халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг уриа биелсэн эсэхийг, халамж асаргааны тэтгэмжид иргэд 480 мянган төгрөг авч байхад төрийн өмчит компанийн захирал ашиг муутай ажилласан хэрнээ 30 сая төгрөгийн цалин авч буй явдал, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулахад ямар арга хэмжээ авахыг, нүүрсний асуудалтай холбоотой далд халамжийг хэрхэн цэгцлэх талаар лавласан.

Засгийн газрын тэргүүн хариултдаа Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байгааг дурдаад төр, иргэддээ итгэж чаддагийн илрэлийг үзүүлэхээр зорьж салбар бүрийн суурь шинэчлэлийг хийхээр эхлүүлж байна гэлээ. Энэ хүрээнд бизнесийн эрх чөлөө, татварын шинэчлэл, хагас хуримтлал руу шилжих суурь шинэчлэлийг тусгасан хуулийн төслүүдийг УИХ баталж байна.

Ялангуяа төрийн өмчит компаниуд ашиг орлого олоод баялгийн санд орлого төвлөрүүлээд бүтээмжтэй сайн ажиллавал урамшуулал цалингаа авна. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа атлаа өндөр цалин авч байгаа байдлын эсрэг Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Үүнийг баталснаар авлигын индекс буурахад томоохон хувь нэмэр оруулж, засаглалыг хараат бус байлгах арга хэмжээг авах болно. Энэ мэт УИХ-аас баталсан сайн хуулиудыг хэрэгжүүлэх ажил Засгийн газарт үлдлээ гэдгийг Ерөнхий сайд хариултдаа онцолж байлаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшийг иргэдэд хямд үнээр зараад үлдсэнийг нь төсөвт ачаалал авч ирсэн. Багануурт үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, гаднаас түлш авах ажлыг зогсооход чиглэж ажиллана гэв.

Үргэлжлүүлэн олонхын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон, амь насаа алдсан 112 иргэний тэтгэмжийг Засгийн газар олгох шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл хэрэгжүүлээгүй шалтгааныг, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах боловсрлын салбарын шинэчлэл судалгаанд суурилаагүйг тодотгоод багшийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн барилга нэмж барих асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж, хариулт авав гэж УИХ-ын ХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн