Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 23 //. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарын Монгол Улсад энэ сарын 22-23-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.
Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн тэрбээр Энэтхэг, Монголын Засгийн газар хоорондын комиссын Энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Б.Энхбаяртай уулзаж, санал солилцов. Мөн тэрбээр Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, Гандан хийдээр зочиллоо.
Айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, Монголын коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн боловсрол, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаар талууд тохиролцов.
Энэхүү айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордууллаа гэж ГХЯ-наас мэдээллээ.