НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав

, 2026 оны зургаадугаар сарын 24УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 23-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил дэвшил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, идэвх санаачилгад нь талархал илэрхийлэв. Мөн энэ онд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож буйг онцлоод, ойн хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлсон ач холбогдол бүхий арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Тэрбээр өнгөрсөн хагас зууны хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, найдвартай түнш байсаар ирснийг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш НҮБ-ын гишүүн бараг бүх улстай дипломат харилцаа тогтоосон, олон талт хамтын ажиллагааг гадаад бодлогынхоо чухал тулгуурын нэг болгон хөгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, институцийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Матилда Димовскагийн манлайлал дор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа өргөжин бэхжиж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд бодит ахиц гарсныг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Тэр дундаа дижитал шилжилтийг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, их өгөгдөл болон хиймэл оюун ухааны чиглэлээр үндэсний бодлого боловсруулахад үзүүлсэн дэмжлэг нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

Мөн УИХ хүний эрх, сайн засаглал, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг бодлого, эрх зүйн хүрээнд тууштай дэмжин ажиллаж байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, парламентын институцын чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үзүүлж буй тууштай дэмжлэгт нь мөн талархал илэрхийлэв. Тэрбээр УИХ 2026 оны хаврын ээлжит чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх чиглэлд парламентын түвшинд идэвхтэй ажиллаж байгааг дурдав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын хагас зуун жилийн түүхтэй хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглэж, цаашид парламентын ардчиллыг бэхжүүлэх, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, цахим засаглалыг хөгжүүлэх, хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

Монгол Улсад ажиллах нь нэр төрийн хэрэг байсан гэдгийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцлоод, НҮБ-ын тэргүүлэх зорилтуудтай Монгол Улсын хөгжлийн бодлого уялдаатай байдгийг тэмдэглэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь НҮБ-ын тэргүүлэх түнш орнуудын нэг гэдгийг онцлоод, Монгол Улсад ажиллах хугацаандаа ногоон эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор малчдын амьжиргааг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж, бодит үр дүнд хүрснийг тэмдэглэлээ. Мөн эдгээр сайн туршлагыг Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр олон улсад сурталчлан таниулах нь чухал болохыг онцлов. Түүнчлэн бүрэн эрхийн хугацаандаа цахим шилжилтийн хүрээнд иргэдийн хэрэглээ, ур чадварыг нэмэгдүүлэх, оролцоонд суурилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа танилцууллаа.

Матилда Димовска, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож буйг онцлоод, ойн хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлсон хамтарсан нийтлэл бэлтгэн нийтлэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга С.Бямбацогтод уламжлав. Үүний хариуд УИХ-ын дарга С.Бямбацогт, уур амьсгалын өөрчлөлт нь нүүдэлчин соёл иргэншилтэй, өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байгааг тэмдэглээд, УИХ энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж буйг дурдав. Мөн хамтарсан нийтлэл бэлтгэн нийтлэх саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, энэхүү санаачилга нь Монгол Улсын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Түүнчлэн уг ажлыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд олон нийтэд таниулж, үр дүнг нь түгээн дэлгэрүүлэх чиглэлээр УИХ холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлж буй Матилда Димовскад эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн түншлэлийг бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Энхцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн