Өмнөд Солонгосын засгийн газар Оросын армид нэгдэн Украинд тулалдаж байгаад баригдсан хоёр хойд солонгос цэргийг шилжүүлэн авахаар эрмэлзэж байна. Цэргүүдийг өөрсдийнх нь хүслийн дагуу Өмнөд рүү шилжүүлэн авахаар хичээж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ. Мөн энэ ажлыг Өмнөд Солонгос, Украин хоёр улсын хамтын ажиллагааны гол талбарын нэг гэсэн байна.
Энэ асуудлаар талууд үндсэн ойлголцолд хэдийнэ хүрсэн бөгөөд Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбихагийн зургадугаар сарын 30-нд Өмнөд Солонгост хийх айлчлалын үеэр ахиц дэвшил гарна гэж найдаж байна.
Хойд Солонгосын хоёр цэрэг 2025 оны нэгдүгээр сард ОХУ-ын Курск мужид Украины хүчинд баривчлагдсан. Украины ерөнхийлөгч Зеленский уг мэдээг нэгдүгээр сарын 11-нд зарласан бөгөөд энэ нь Хойд Солонгос улс Оросын армид цэргээ нэгтгэснээс хойших анхны тохиолдол болсон юм. Баригдсан хоёр цэргийг эх оронд нь буцаавал хүнд ял шийтгэл оноох магадлалтай тул тэдний асуудал олон улсын анхаарлыг эрхгүй татжээ. Зеленский тухайн үед Орост олзлогдсон украинчуудын оронд хойд солонгос цэргүүдийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэж байсан юм.
Өмнөд Солонгосын хувьд өөрсдийг нь гэсэн хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн хойд солонгос цэрэг нэг бүрийг хүлээн авна гэдгээ удаа дараа мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн сайд асан Чо Тэ Юл 2025 оны гуравдугаар сард Украины Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.