Өмнөд Африкийн Дээд шүүхээс эм үйлдвэрлэгч “iDexis” компанийн сүлжээгээр семаглутид агуулсан жин хасах эм үйлдвэрлэх, борлуулахыг түр хугацаанд хориглох шийдвэр гаргав. Семаглутид нь “Novo Nordisk”-ийн “Ozempic”, “Wegovy” эмүүдийн гол найрлага юм. “Ozempic”-ийг үйлдвэрлэгч “Novo Nordisk” нь “iDexis”-ийг албан ёсны бүртгэлгүй семаглутид эмийг хууль бусаар борлуулж, Өмнөд Африкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүйгээр ашиг орлого ихтэй жин хасах бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөж байна гэж үзэн, шүүхэд хандсан аж.
“Novo Nordisk”-ийн гаргасан хүсэлтийн дагуу “iDexis” компани болон түүний захирлыг цаашид нарийвчлан шалгаж дуусах хүртэл семаглутид суурьтай бүтээгдэхүүнийг найруулан бэлтгэх, нийлүүлэх, болон зах зээлд сурталчлан борлуулахыг нэн даруй зогсоох шийдвэр гаргажээ.
“Novo Nordisk”-ийн мэдэгдэж буйгаар, “iDexis” нь семаглутид суурьтай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж, сард ойролцоогоор 84500 ширхгийг нийлүүлж байжээ. Энэ нь “Ozempic”, “Wegovy” хоёрыг нийлүүлсэн борлуулалтаас ч давсан үзүүлэлт юм. Мөн “iDexis”-ийг зохицуулагч байгууллагын зөвшөөрөлгүй атлаа бүтээгдэхүүнээ тураах зориулалттай гэж зах зээлд сурталчилсан гэж буруутгасан байна.
Харин “iDexis” өөрсдийгөө өмгөөлөн мэдэгдэл хийхдээ “Бид ‘Ozempic’ болон ‘Wegovy’-той адил төстэй найрлага ашиглаж буй учир өөрсдөө бүтээгдэхүүн найруулж болно” гэжээ.
Эмийн сангууд эмийн найрлагыг хольж тусгайлан эм бэлдмэл гаргаж авах эрхтэй байдаг. Гэвч эмийн тухай хуульд зааснаар тухайн ашиглаж буй идэвхт бодис нь албан ёсны бүртгэлтэй эмэнд орсон яг тэр бодис мөн байх шаардлагатай, адил төстэй бодис байж болохгүй гэсэн няцаалтыг шүүгч өгчээ. “iDexis”-ийн ашиглаж буй семаглутид нь химийн аргаар нийлэгжүүлсэн зүйл бол “Novo Nordisk”-ийнх нь биологийн гаралтай аж.
“iDexis”-ийн бүтээгдэхүүнийг Өмнөд Африкийн Эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар хэзээ ч туршиж, шалгаж, батлаагүйг шүүх хурлаар тогтоосон байна. Мөн идэвхтэй найрлагыг нь тодорхойгүй нийлүүлэгчдээс авдаг болохыг тогтоожээ.