ДАШТ-2026: Францын шигшээ Иракийн багийг бут ниргэж, плей-оффт шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 23 /Kazinform/. АНУ-ын Пеннсилвани муж улсын Филадельфи хотод болсон тоглолт 3:0-ийн харьцаагаар Францын шигшээ багийн хожлоор дууслаа. Тоглолтын 14 дэх минутад анхны гоол орсон бөгөөд Килиан Мбаппе торгуулийн талбайн өмнө бөмбөг хүлээн авч, зүүн хөл рүүгээ шилжүүлэн алсын цохилтоор бөмбөгийг хаалганы дээд буланд оруулжээ.

Урт завсарлааны дараа хоёрдугаар үеийн 54 дэх минутад францчууд онооны зөрүүгээ хоёроор нэмэгдүүлсэн байна. Иракийн шигшээ багийн хаалгач, хамгаалагч хоёр өөрсдийн хаалганы дэргэд бөмбөгийг оновчгүй дамжуулсныг Усман Дембеле таслан авч, Мбаппег хоосон хаалганы өмнө гаргаснаар Францын багийн ахлагч төвөггүйхэн дубль хийсэн байна.

Тоглолтын эцсийн гоолийг 66 дахь минутад хийжээ. Францчууд өрсөлдөгч багийнхаа талбайд шахаж тоглож, бөмбөгийг булаан авсны дараа, Майкл Олисе торгуулийн талбай руу Усман Дембелед дамжуулж, тэрбээр оновчтой цохисноор тооны харьцааг 3:0 болгов.

Энэхүү дубль нь Мбаппегийн хувьд түүхэн амжилт боллоо. Тэрбээр ДАШТ-д оруулсан гоолынхоо тоог 16-д хүргэж, тэмцээний түүхэн дэх шилдэг мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байранд домогт Мирослав Клозетой эн зэрэгцэж ирэв. Одоо тэдний өмнө ердөө 18 гоолтой Лионель Месси л бий.

Хоёр тойргийн тоглолтын дараа Францын шигшээ баг 6 оноо авснаар плей-оффт шалгарах эрхээ баталгаажууллаа. “I” хэсгийн сүүлчийн тоглолтоо францчууд зургаадугаар сарын 27-нд Норвегийн багтай хийнэ. Сенегал, Иракийн шигшээ багууд мөн энэ өдөр тоглоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн