Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Лионель Месси Австрийн эсрэг хоёр гоол оруулснаар дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тэрбээр нийт 18 гоолтой болж, 16 гоолтой Германы довтлогч Мирослав Клозег гүйцэв.
Месси энэ дэлхийн аваргаар хоёр тоглолтод таван гоол оруулж, гангарч байна. Баг нь ч Алжир, Австрийг дараалан хожиж, сайн байгаагаа харуулав. Тоглолтын дараа бүх цаг үеийн мэргэн бууч ярихдаа “Үнэндээ хожсондоо баяртай байна. Үнэхээр хэрэгтэй хожил байлаа. Бид эцсээ хүртэл тэмцэж, оноо авлаа. Цаашдаа юу болох бол гэхээс сэтгэл амарч байна. Энэ бол дэлхийн аварга шүү дээ. Тоглолт тэнцүүхэн, ширүүн боллоо. Нийт зургаан оноо авч, дараагийн шатанд шалгарсандаа баяртай байна” гэв.

Харин түүний багийн хамтрагч Лисандро Мартинез “Тэр бол өөр түвшнийх. Хэлэх үг алга. Түүнийг аргентин хүн гэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Бид түүнийг нандигнах хэрэгтэй. Бид өнөөдөр хожил хүртэх эрхтэй байлаа” гэжээ.
Бяцхан Мессиг Аргентины Ньюэллс Олд Бойз клубд тоглодог байхад нь түүний шүтээн байсан Пабло Аймар өдгөө Аргентины шигшээ багийн дасгалжуулагчийн албанд ажиллаж байна. Тэрбээр Мессигийн талаар ярихдаа “Бид Мессигээс төсөөлшгүй зүйлсийг төсөөлдөг” гэсэн юм.
Аргентины шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Йорданы эсрэг хийнэ.
