БОГОТА, 2026 оны зургаадугаар сарын 22 /Xinhua/. Бие даан нэр дэвшигч Абелардо де ла Эсприэлья Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад тэргүүлж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр ялалт байгуулахад тун ойрхон байна.
Тус улсын Үндэсний иргэний бүртгэлийн газрын мэдээлснээр, саналын хуудасны 98.22 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тэрбээр 49.77 хувийн санал авсан бол сонгогчдын 48.59 хувь нь түүний өрсөлдөгч Иван Сепедад саналаа өгчээ.
Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт болсон байна. Санал хураалт орон нутгийн цагаар 08:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжилжээ. Санал өгөх эрхтэй 41.4 сая гаруй иргэн улс даяар 13 мянга орчим сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх боломжтой байв.
Колумбийн сонгуулийн хууль тогтоомжийн дагуу нэр дэвшигч эхний шатанд ялахын тулд нийт санал өгөгчдийн 50-иас дээш хувийн дэмжлэгийг авах ёстой. Хэрэв энэ босгыг давж чадаагүй тохиолдолд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд өрсөлдөж, олонхын санал авсан нь ялагч болно.
Өдгөө 47 настай Абелардо де ла Эсприэлья нь хуульч мэргэжилтэй. Хэт барууны үзэлтэй “Эх орны хамгаалагчид” хөдөлгөөнтэй холбоотой тэрбээр аюулгүй байдлын бодлогыг чангатгах, улсын төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр танахыг дэмждэг. Түүний дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Колумбийн Сангийн сайд асан Хосе Мануэль Рестрепо юм.
Шинээр сонгогдох төрийн тэргүүн ирэх наймдугаар сарын 7-нд үүрэгт ажилдаа орж, тус улсыг 2030 он хүртэл удирдана.