Катарын бэлэглэсэн шинэ Air Force One онгоцыг албан ёсоор үзүүлжээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 22 /NHK/. Вашингтон хотын ойролцоо байрлах АНУ-ын цэргийн баазад тус улсын Ерөнхийлөгчийн шинэ “Air Force One” нисэх онгоцыг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор үзүүлжээ. Катар улсаас бэлэглэсэн “Boeing 747” загварын уг онгоцыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон иж бүрэн тоноглож, өөрчилсөн байна.

Шинэ нисэх онгоцны дээд хэсгийг цагаан, доод хэсгийг гүн цэнхэр өнгөөр будаж, дундуур нь улаан болон алтан шаргал зураасаар заагласан нь АНУ-ын төрийн тэргүүний албан ёсны нисэх онгоцуудад урт хугацаанд хэрэглэж ирсэн уламжлалт цагаан болон тэнгэрийн хөх өнгөнөөс татгалзсан шинэ шийдэл болжээ.

Эндрюс нэгдсэн баазад онгоцоо үзсэнийхээ дараа Д.Трамп мэдэгдэхдээ “Энэхүү хөлгийг урьд өмнө хэний ч харж байгаагүй тийм тансаг зэрэглэлийн “Нисдэг Цагаан ордон” болгон хувиргаж чаджээ” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр долоодугаар сарын 4-нд тохиох Тусгаар тогтнолын өдрөөр уг онгоцыг Вашингтон хотын дээгүүр нисгэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна.

Д.Трамп мөн хэлэхдээ, Бид энэ жил “томоохон хуралд” оролцохоор Хятад улсыг дахин зорино” гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь ирэх арваннэгдүгээр сард Хятадын Шэньжэнь хотод зохион байгуулахаар төлөвлөж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтыг хэлж буй бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ онгоцыг өөр албан ёсны онгоцны тоноглолын ажил бүрэн дуусах хүртэл түр хугацаанд ашиглахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн