МАДРИД, 2026 оны зургаадугаар сарын 5 /TASS/. АНУ-д шүүх хурлаа хүлээж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өмгөөлөгчдийн багтаа Америкийн рэппэр П.Диддигийн (Шон Комбс) ашиг сонирхлыг хамгаалж байсан өмгөөлөгч Анна Эстеваог авсан тухай “EFE” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, “Harris Trzaskoma” фирмийн хуульч Анна Эстеваог Нью-Йорк муж улсын Өмнөд тойргийн холбооны шүүхэд гаргасан мэдэгдлийн дагуу Мадурогийн өмгөөллийн багт албан ёсоор оруулсан байна. Эстевао бол П.Диддид тулгасан ноцтой хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж чадсан өмгөөлөгч юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн эрх баригчид Венесуэлийн Засгийн газарт Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарын өмгөөлөгчийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчдийн тал “өмгөөллийн төлбөр төлөх боломжгүй байгаа тул Венесуэлийн удирдагчийн эсрэг үүсгэсэн хэргийг хаах” тухай өмнө нь гаргасан хүсэлтээ эргүүлэн татжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-нд болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. Тэднийг мансууруулах бодисны хууль бус наймаанд оролцсон хэрэгт буруутгасан байна.