ОХУ-ын арми стратегийн ач холбогдолтой Константиновкад нэвтэрч эхэлжээ

Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн стратегийн ач холбогдолтой Константиновкад нэвтэрч, бүслэхийг оролдож байна. Хот одоогоор хэний ч хяналтад бус, саарал бүсэд тооцогдоод байна. Украины дроны операторын мэдээлснээр, орос цэргүүд араас мэдэгдэлгүйгээр сэм орж ирдэг учир эргээд түлхэж гаргахад хэцүү байгаа аж.

Константиновка нь Донбасын бусад хэсэг рүү нэвтрэх гарц болдог учир стратегийн ач холбогдолтой хот юм. Тиймээс тус хотын бэхлэлт нуран унавал Оросын хүчин Украины зүүн хэсгийн тогтож үлдээд байсан бүс нутаг руу нэвтэрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ОХУ Краматорск, Словянскийг эзэлж, улмаар Донбасыг бүрэн эзлэхэд тун ойртох болно.

Константиновкад орос цэргүүд өмнө зүгээс давшиж байгаа ч хотын нөгөө захад хүртэл мэр сэр үзэгдэх болсон байна.

Гэхдээ Константиновка болон түүний ойр орчмын бүс нутгуудыг хамаардаг Украины 19-р корпусын командлагч, бригадын генерал Александр Бакулины хэлснээр нөхцөл байдал Киевийн хяналтаас гарчихаагүй байгаа аж. Украины тал хяналтыг хараахан алдаагүй байгаа ч 130 орчим орос цэрэг Константиновкад байгааг тэр үгүйсгээгүй байна. Орос цэргүүд өмнө нь Покровск тэргүүтэй Украины томоохон хотыг эзэлсэн арга барилаараа хотыг бүслэх, хангамжийн замыг нь таслах зэрэг тактикаар урагшилж байна.

Өдгөө Константиновкагийн байшин барилга бүр цэргүүдийн хувьд нуувч болж хувиржээ.

Орос, Украины дайн сүүлийн хэдэн саруудад фронтын шугамын дагуу зогсонги байдалд ороод байсан билээ. Гэхдээ Украины командлагчдын мэдээлж буйгаар, тэд энэ жил алдсанаасаа илүү их хэмжээний газар нутгийг эргүүлэн олж авчээ. Үүний зэрэгцээ Орос, Крымийг холбосон хангамжийн шугамуудыг тасалдуулсаар байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн