ДОХА, 2026 оны зургаадугаар сарын 22 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид Бюргеншток хотод болж буй дөрвөн талын хэлэлцээг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргасан тухай “Tasnim” агентлаг эх сурвалжийн мэдээллийг эш татан уламжилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, талууд Катар, Пакистаны зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцсоор байгаа боловч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Ираны төлөөлөгчид хэлэлцээний явцад тус улсын царцаасан хөрөнгийг чөлөөлөх, мөн газрын тос экспортлох зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгахыг уриалжээ. Мөн АНУ-ын тал санамж бичгээр хүлээсэн үүргээ зөрчсөнд эсэргүүцэл илэрхийлээд, цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээ талуудын хооронд байгуулсан түр хэлэлцээрийг хэрхэн дагаж мөрдөхөөс шууд шалтгаална гэдгийг онцолсон байна.
Өмнө нь өөр нэг эх сурвалж ТАСС агентлагт мэдээлэхдээ, АНУ-Ираны санамж бичгийн хүрээнд хийх техникийн зөвлөлдөх уулзалтууд зургаадугаар сарын 22-ны өдөр үргэлжлэх төлөвгүй байгааг хэлжээ.
Хэрэв Ираны тал Ливан дахь өөрийн холбоотон болох “Хезболла” бүлэглэл хүчирхийлэл үйлдэхээс сэргийлж чадахгүй бол Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдсэн байна.
“Иран улс Ливан дахь өндөр төлбөр авдаг “гар хөл болсон бүлгүүдийнхээ” балаг тарьж буй үйлдлүүдийг нэн даруй зогсоох ёстой. Хэрэв тэгэхгүй бол бид өнгөрсөн долоо хоногт өгсөн шигээ маш хүчтэй цохилт өгнө, гэхдээ энэ удаад бүр илүү хүчтэй байх болно!!!” гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнийхээ хуудсанд бичжээ.