Израиль болон Ливаны Хезболла бүлэглэлийнхэн Баасан гаригт /2026.06.19/ гал зогсоох тохиролцоонд хүрснийг АНУ-ын албан тушаалтан мэдэгдлээ. Ливанд гал зогсоох нь АНУ, Ираны энхийн хэлэлцээрийн нэг хэсэг боловч тус улсад тулаан ширүүссэн нь энх тайвныг эрсдэлд оруулаад байсан. Тодруулбал, Ливан дахь нөхцөл байдлаас болоод Баасан гаригт Швейцарьт хийхээр төлөвлөсөн байсан АНУ, Ираны хэлэлцээ цуцлагдаж, Ормузын хоолойг нээх эсэхийг баталгаажуулах чухал уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.
АНУ болон Катарын талын хэлэлцээчид Ираны тусламжтайгаар гал зогсоох хэлэлцээрийг боловсруулсан байна.
Иран улс санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаа ч нэг хатуу нөхцөл тавьсан. Тэр нь “Хэрэв Израиль улс Ливаны өмнөд хэсгээс цэргээ татаж, эзэлсэн газраа буцааж өгөх амлалт өгөхгүй бол бид гэрээнд хэзээ ч гарын үсэг зурахгүй” гэсэн шаардлага юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Ливаны асуудалд илүү хариуцлагатай хандахыг хүсээд байсан юм.