АНУ, Ираны талууд дайны галыг зогсоох урьдчилсан хэлэлцээр буюу харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр /2026.06.19/ гарын үсэг зурна. Энэ дагуу талууд 60 хоногийн дотор эцсийн хэлэлцээг байгуулж, Ормузын хоолойг нээн, энх тайвныг тогтоох учиртай юм. Гэвч хэлэлцээрийг нурааж болзошгүй шийдэгдээгүй асуудлууд байсаар байна.
Санамж бичигт Ливаны асуудлыг мөн багтаасан байгаа билээ. Иран улс санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаа ч нэг хатуу нөхцөл тавьсан. Тэр нь “Хэрэв Израиль улс Ливаны өмнөд хэсгээс цэргээ татаж, эзэлсэн газраа буцааж өгөх амлалт өгөхгүй бол бид гэрээнд хэзээ ч гарын үсэг зурахгүй” гэсэн шаардлага юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Ливаны асуудалд илүү хариуцлагатай хандахыг хүссэн.
Гэвч Израилийн арми Ливаны өмнөд хэсэг болон Бейрут хотыг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байна. Ливан дахь Израилийн цэргийн оролцоо хэвээр, тэд цэргээ татахгүй гэсэн байр сууриндаа хатуу зогссоор байна.
Тэгвэл энэ байдлаараа Израиль улс АНУ, Ираны байгуулах хэлэлцээрт ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг сонин.
Иран улс энэ дайнд АНУ, Израилийг нэгдмэл, нэг цул, дайсан гэж харж байгаа. Гэвч АНУ, Израиль хоёр стратегийн хувьд зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Трамп, Нетаньяху хоёрын харилцаатай холбоотой асуудал өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа хөндөгдсөн. Израиль 2025 оны зун Катарын нийслэл Доха дахь Хамасын байд цохилт өгсөн нь Трампыг бухимдуулсан удаатай.
Өдгөө Ираны дайны хугацаанд ч Трамп Нетаньяхуд бухимдсаар байгааг илтгэх ярианууд задарсан билээ. Трамп саяхны нэг ярилцлагадаа “Нетаньяху яагаад тэр хараал идсэн халдлагыг эхлүүлдэг байна аа? Би үнэхээр галзууртлаа уурласан. Түүнд ямар ч эрүүл ухаан алга гэдгийг би өөрт нь хэлсэн” гэж хэлж байв. Дараа нь тэр цахим хуудсаараа дамжуулан асуудлыг даамжруулахгүй байхыг Израилиас хүсчээ. Тэр бүү хэл Трамп Нетаньяхуд хандаж “Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Чи үнэхээр галзуурчихжээ. Хэрэв би байгаагүй бол чи аль хэдийн шоронд сууж байх байсан. Хар амийг чинь би л аварч байна. Одоо чамайг хүн болгон үзэн ядаж байна. Үүнээс чинь болоод бүгд Израилийг үзэн ядаж байна” гэж уурласан байдаг.
Угтаа бол АНУ, Израиль хоёр Ойрхи Дорнодын ирээдүйн тухайд ижил төстэй стратегийн үзэл баримтлал, алсын хараатай, дипломат харилцааны хувьд ч эртний ойр холбоотон байсаар ирсэн. Израилийг дэмжих нь АНУ-ын дотоод улс төр болон гадаад бодлогын тулгуур багана байсаар ирсэн.
Америкийн улс төр судлаач Жон Миршаймер, Стивен Уолт нарын бичсэн номд хоёр улсын харилцааг “Хайр сэтгэл үү, лобби юу?” гэдэг талаас нь хөндсөн байдаг. Энэ нь АНУ-ын гадаад бодлогод “AIPAC” буюу Америк-Израилийн олон нийтийн харилцааны хороо ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг илэрхийлэх үг юм. “AIPAC” нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, Израилийн эрх ашгийг хамгаалагч хамгийн хүчирхэг, хамгийн нөлөө бүхий лобби бүлэг.
Гэвч одоо хоёр улсын стратегийн зорилго шууд зөрчилдөж эхэллээ.
АНУ-ын хувьд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Ирантай эцсийн хэлэлцээрт хүрэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Харин Израилийн хувьд энэхүү санамж бичгийг буулт хийсэн явдал гэж үзэж, бухимдаж байна.
Олон олон израильчууд энэ хэлэлцээрийг цуцлахыг засгийн газраасаа шаардаж байна. Тухайлбал, Нетаньяхугийн эвслийн гишүүн, Сангийн сайд Итамар Бен-Гвир Израиль улс АНУ-ын гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр Израилийг АНУ-аас зааглахыг хичээж буй бөгөөд “Тусгаар тогтносон улс бол аль нэг гүрний гүйцэтгэгч биш. Ард түмнээ хамгаалах чадварыг нь боомилсон ямар ч гэрээ хэлэлцээрт баглагдах албагүй” гэжээ.
Израилийн цэрэг Ливаны өмнөд хэсэгт үлдэнэ гэдгийг Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац ч баталсан. Мөн Иран улс Ливаныг дэмжиж Израиль руу цохилт өгвөл хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Нетаньяху ч мөн адил эсэргүүцсэн байр суурьтай байна. Тэрбээр саяхны ярилцлагадаа “Израиль улс эргэн тойрондоо аюулгүй байдлын бүсүүдийг тогтоосон. Бид Газа, Ливан, Сирид мөн ингэж ажилласан. Тодорхой хэлье, бид улс орноо хамгаалахын тулд эдгээр аюулгүй байдлын бүсдээ үлдэх болно” гэжээ.
Энэ нь харилцан ойлголцлын санамж бичгийн нөхцөлтэй шууд зөрчилдөж байгаа бөгөөд Трамп, Нетаньяху нарын харилцаа болон АНУ, Израилийн харилцааны талаар ноцтой асуултуудыг дагуулж байна.
Тэдний харилцаа яг одоо уулзвар цэг дээрээ ирээд байна. Трамп Нетаньяхуд шахалт үзүүлж, Ливаныг бөмбөгдөхийг нь зогсоох уу? Эс бол Израилийн цэргийн ажиллагааг нүдээ аниад өнгөрөөж, туйлаас хүссэн хэлэлцээрээ эрсдэлд оруулах уу? Хэрэв АНУ-ын ерөнхийлөгч Израилийг цэргээ эргүүлэн татахыг шаардвал Нетаньяху үүнийг биелүүлэх үү?
Мөн энэ бүхэн ирэх намар болох сонгуулиудад нөлөөлөх үү? Нетаньяху ирэх аравдугаар сард бүх нийтийн сонгуультай нүүр тулах бол Трампыг арваннэгдүгээр сарын эхээр болох завсрын сонгууль хүлээж байна. Холбоотнууд гэгдэх хоёр улс өөр өөрсдийн хүсэл сонирхлын төлөө зөрчилдсөөр байгаа цагт хэлэлцээр амжилттай болох уу? Энэ бүх асуултын хариултыг зах зухаас нь өгөх цаг явж эхэллээ.