Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Казахстаны Худалдаа интеграцийн тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Мөн хоёр улсын хооронд газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон байна. Энэхүү санамж бичигт тус улсаас Монгол Улсад түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцов.
Мөн Казахстан улсын зүгээс Монголын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүссэн байна. Үүний дагуу Монгол Улсаас холбогдох төслүүдийг танилцуулахаар болжээ. Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням ирэх есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулах “Mining Week-2026” уул уурхайн үзэсгэлэнд Казахстаны компаниудын төлөөлөгчдийг ирэхийг урьсан байна.

