ХҮМҮҮС – Милан Кортина 2026
Милан Кортина 2026 оны өвлийн олимпын уран гулгалтын төрлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт (2026.02.06) эхэлсэн. Хөгжмийн нот дагуу мөсөн дээр авьяас чадвараараа өрсөлдөх тамирчдын дундаас шилдгийг нь шалгаруулахын тулд бараг л бүргэдийн нүдтэй байх ёстой. Тэгвэл уран гулгалтын өрсөлдөөнийг биеэр үзэх гэсэн үзэгчид, бүргэдийн нүдтэй шүүгчид нэгэн ер бусын хүнийг анзаарахгүй байхын аргагүйд хүрчээ.
Олон сая хүн дундаас тантай яг адилхан зургаан хүн байдаг гэдэг шиг уран гулгалтын тамирчдын дунд ихэр мэт ижилхэн дасгалжуулагчид ажиглагдсан байна. Үнэн хэрэгтээ ихэр дасгалжуулагч нь зөвхөн нэг л хүн бөгөөд түүний ур чадвар салбартаа цойлдог. Улмаар уран гулгалтын тамирчид дунд түүнд шавь орох хүсэлтэй хүн цөөнгүй байдаг аж. Түүнийг Бенуа Ришо гэдэг бөгөөд Францын уран гулгалтын дасгалжуулагч.
Хамгийн сонирхолтой нь түүний 13 орны 16 шавь нь Милан Кортина өвлийн наадамд нэгэн зэрэг өрсөлдөж байна.
Францын дасгалжуулагч, бүжиг дэглээч 38 настай Ришо өвлийн олимпод 16 уран гулгагчтай хамтран ажиллаж буй. Эдгээр тамирчдын долоо нь Мягмар гаригийн орой эрэгтэйчүүдийн богино хөтөлбөрт өрсөлдсөн боловч Олимпын албан ёсны хуваарийн сайтад түүнийг зөвхөн дөрвөн тамирчны дасгалжуулагчаар бүртгэсэн байна. Олон орны тамирчдыг нэг төрөлд дасгалжуулсан Ришо камерын дуранд тамирчин бүрийнхээ улсыг төлөөлсөн хүрэм өмссөн байх нь тэр. Түүнийг дасгалжуулагчаа гэж бүртгэсэн тамирчдын дунд АНУ-ын Макс Наумов болон долдугаар байрт орсон Канадын уран гулгалтын тамирчин Стефен Гоголев байна. Мөн Францын Адам Сиао Хим Фа, Жоржиагийн Ника Эгадзе нар бөгөөд тэд 25,26 дугаар байрт орсон бөгөөд Ришо хүрмээ хурдан солих шаардлагатай тулгарч байжээ.

Бенуа Ришо эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн үеэр Канад, Испани болон АНУ-ын шигшээ багийн хүрэм өмсөж, тамирчдаа дэмжжээ
Ришогийн бэлтгэсэн тамирчид төрөл бүрийн байранд орсон. Хамгийн амжилттай явж буй нь Сиао Хим Фа бөгөөд тэрбээр гуравдугаар байрт бичигдэж, Баасан гаригийн чөлөөт тэшүүрийн тэмцээнд медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Уран гулгалтыг шимтэн үзэгчид өдгөө Ришодыг улс бүрийн хүрэмтэй хараад дассан байж магадгүй. Тэрбээр Эгадзег дэмжиж буй Жоржиагийн шигшээ багийн хүрэмтэй олны дунд зургаа авхуулсан бөгөөд 15 минутаас ч бага хугацааны дараа Гоголевыг дэмжиж буй Канадын багийн хүрэм өмссөн байв.
“Зохион байгуулалт л гэсэн үг. Бүх зүйл хурдан өнгөрдөг” гэж Ришо тамирчин бүрээ дэмжиж, дасгалжуулдаг талаараа хэлжээ.
Мөн “Сэтгэл зүйн хувьд маш их хэцүү байдаг. Бүх зүйл яаж өрнөхөөс шалтгаална. Хэрвээ бүх зүйл сайхан болж, бүгд сайн гулгавал амархан. Харин нэг нь муу гулгаж, нөгөө нь сайн гулгавал сэтгэл их хөдөлж, тайлбарлахад хэцүү болдог. Би шавьтайгаа хамт байх үедээ бүх анхаарлаа түүнд бүрэн хандуулдаг. Тэд дараалан гулгадаггүйд би баярладаг. Хэрвээ дараалан гарвал маш, маш хэцүү байх болно. Хүмүүс намайг дандаа хар хувцас өмсдөг гэж инээдэг. Харин одоо хүмүүс намайг өөр өнгийн хувцастай хараад гайхаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Өөр, өөр орны тамирчнаа дасгалжуулж, дэмжих хооронд хурдан шаламгай байх хэрэгтэй бөгөөд Ришо ч энэ эрдмийг гаргууд эзэмшжээ. “Би ихэвчлэн тэшүүрчний хувцас солих өрөөнд бүх зүйлээ бэлддэг” гэж Францын бүжиг дэглээч хэлэв. “Ихэвчлэн надад зөвшөөрдөггүй ч тэд надад зарим зүйлээ хувцас солих өрөөнд үлдээхийг зөвшөөрдөг. Тэд маш эелдэг. Хэрэв боломжгүй бол бидэнд үргэлж багийн ахлагч эсвэл үндэсний шигшээ багийн менежер байдаг бөгөөд тэд хүрмийг хариуцаж, надад хэрэгтэй үед минь шууд өгдөг” гэжээ.

Бенуа Ришо Канадын тамирчнаа дэмжиж, дасгалжуулж дуусаад Гүржийн тамирчнаа дэмжиж, хүрмээ солиход 14 минутын л зай байв.
РИШО ЯАГААД ХАМГИЙН АЛДАРТАЙ ДАСГАЛЖУУЛАГЧ ВЭ?
Түүний уран гулгалын карьерийг харах юм бол яагаад алдартай болсон нь гайхах зүйл биш юм. Ришо нь Лион хотын Буше-Зазуи сургуулийн сурагч байсан бөгөөд карьерынхаа турш Францын нэрийн өмнөөс өрсөлдсөн. Түүний анхны мөсөн бүжгийн хамтрагч нь Скарлетт Рузе байсан. Тамирчин байхдаа 2005-2006 онд Элоди Бруйетэй хамтран гулгаж, Францын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Үүнээс гурван жилийн дараа Канадын Терри Финдлэйтэй хамтран ахмадын ангилалд оролцож, энэ тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Гэхдээ тэр дасгалжуулагч, бүжиг дэглээж хүний хувиар илүү их амжилтад хүрсэн.
Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) 2024 оны “Skating Awards” шагнал гардуулах ёслолоор Ришо “Шилдэг уран гулгалтын дэглээч” шагналыг хүртсэн бөгөөд 2025 онд мөн энэ шагналд нэр дэвшсэн.

Ням гаригийн эрэгтэйчүүдийн финалд оролцсон таван тамирчны хоёрыг нь Ришо дасгалжуулж байгаа нь түүнийг энэ спортод өндөр үнэлэгддэгийг харуулж байна. Түүний хамгийн амжилттай яваа шавь нарыг дурдвал, Дэлхийн аварга, шилдэг уран гулгагч Каори Сакамото, Азийн хоёр удаагийн аварга Ан Шиангю, София цомын хоёр удаагийн аварга Александра Фейгин болон АНУ-ын цагаан тугалганы үндэсний гурван удаагийн медальт, 2020 оны АНУ-ын залуучуудын улсын аварга Максим Наумов зэрэг юм.
Бүх тамирчид өөрийн улсаа төлөөлж байгаа. Гэхдээ уран гулгалтын төрөлд тэднийг улс орон бүрээр нь биш, харин тус тусад нь дасгалжуулах хандлагатай байдаг. Ришо бол үүний тод жишээ бөгөөд түүний 16 тамирчин 13 өөр орныг төлөөлж байна. Энэ нь дүрэм, журамдаа ч зөвшөөрөгддөг бөгөөд тамирчин болгон нь нэгэнтэй өрсөлдөж байсан ч хамаардаггүй байна.

Ришогийн амьдрал урлаг, хөгжим болон залуу тамирчдыг чиглүүлэн сургах үйлстэй нягт холбоотой. Тэрбээр хүү Гаспартаа хайртай, халамжтай аав бөгөөд хүүгээ гэсэн хайраа олонтоо илэрхийлдэг. Олон улсын хэмжээнд завгүй ажилладаг ч хөгжим, йог болон энгийн амьдралын хэв маягт цаг гаргадаг. Хөгжим нь түүний уран бүтээлийн гол эх сурвалж бөгөөд ямар ч дэглэлтэд нь хүчтэй нөлөөлдөг. Залуу насандаа бааранд ажиллаж байсан ч дараа нь илүү эрүүл амьдралын хэв маягийг сонгожээ. Одоо тэр өдөр бүр йог хийж, хангалттай амарч, бие сэтгэлээ тэнцвэртэй байлгахад анхаардаг. Ришо шавь нартайгаа ойр, урт хугацааны харилцаа тогтоодгоороо танигдсан. Нина Пинцарроне, Адам Сяо Хим Фа зэрэг тамирчдад зөвхөн дасгалжуулагч биш, мөн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэгч, чиглүүлэгч болдог. Тэрбээр өөрийн ажлыг “хөдөлгөөний сэтгэл зүй” гэж тодорхойлдог бөгөөд уран бүтээлийн утга санааг тайлбарлахаас илүүтэйгээр хөдөлгөөнөөр илэрхийлэгдэхийг илүүд үздэг аж. Мөн энгийн, дэгжин хар-цагаан хэв маягийг эрхэмлэдгээрээ онцлог. Францын Ницца хотод төвлөрөн ажилладаг тэрбээр өвөрмөц уран сайхны мэдрэмж, залуу авьяастнуудыг хөгжүүлэхэд зориулсан тууштай зүтгэлээрээ өндрөөр үнэлэгддэг.