Өмнөд Солонгос, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

УЛААНБААТАР, 2026 оны зургаадугаар сарын 17 /The Korea Times/. БНСУ, Монгол Улс гол нэр төрлийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буй энэ үед одоогоор хэлэлцээний шатанд байгаа худалдааны хэлэлцээрийн асуудлаарх яриа хэлэлцээнд гарсан ахиц дэвшил зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх арга замуудыг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам өнөөдөр мэдээлэв.

Тус улсын Худалдааны сайд Ё Хан Гү Улаанбаатар хотноо Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзаж, Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулах асуудлаарх хэлэлцээний явцын талаар санал солилцсон байна. 

CEPA нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэг төрөл бөгөөд зах зээл нээхээс гадна эдийн засгийн өргөн хүрээний хамтын ажиллагаа, солилцоог чухалчилдгаараа онцлог юм. Өмнөд Солонгос, Монгол хоёр улс 2023 онд хэлэлцээний эхний шатыг эхлүүлжээ. 

БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, Монгол Улс нь зэс, молибден, газрын ховор элемент зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой ашигт малтмалаар баялаг бөгөөд тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд БНСУ-ын хувьд стратегийн чухал үүрэг гүйцэтгэж байна.

“БНСУ, Монгол Улсын хооронд байгуулах CEPA нь худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээд төдийгүй нийлүүлэлтийн тогтвортой хамтарсан сүлжээ бий болгох институцийн чухал суурь болно” гэж Ё Хан Гү мэдэгдэлдээ онцолсон байна. “Хоёр тал харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд хэлэлцээг эрчимжүүлэхээр зорьж байна” хэмээн тэрээр нэмж дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн