Германы “ZDF” телевиз технологийн их наядтан Элон Маскийн хэлсэн үгийг алдаатай дамжуулснаасаа болж нэвтрүүлгийнхээ нэг хэсгийг хасч танахаас өөр аргагүй болжээ. Элон Маск Умард Ирланд дахь цагаачдыг агнахыг уриалсан гэж тус телевиз мэдээлсэн бөгөөд энэ үйлдлийнх нь төлөө Маск тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авна гэв.
Умард Ирландын Белфаст хотод нэгэн судан эр хутгатай халдлага үйлдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Халдлагад өртсөн хүн өрөөсөн нүдээ алдаж, биеийн байдал нь хүнд байгаа юм. Энэ явдлын дараа Белфаст даяар үймээн самуун дэгдээд зогсохгүй олон улсад цагаачлалын асуудлыг хурцаар хөндөн гаргаж ирэв.
Тухайлбал, “ZDF” телевиз “Элон Маск үймээнийг хэрхэн дэвэргэж байна вэ?” нэртэйгээр энэ асуудлыг хөндөж, зургадугаар сарын 12-нд цацсан байна. Тус нэвтрүүлгийн хөтлөгч “Белфаст хотод харгис хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдэхийг завджээ. Энэ явдлыг баримтжуулсан бичлэг цахим сүлжээнд вирус адил тархаад байна. Гэтэл үүнээс болоод арьс өнгөөр ялгаварлан гадуурхагсад цагаачдыг ангуучилж эхэлжээ. Ийм уриалга нь Британийн хэт барууны үзэлтэн Томми Робинсон болон Элон Маск нараас эхтэй” гэж хэлсэн байна.
Олноо танигдсан хэт барууны үзэлтэн Томми Робинсон нь зургадугаар сарын 9-нд “Х” хаягаараа Масктай жагсаалын төлөвлөгөөгөө хуваалцсан байна. Тэрбээр “Манай ард иргэд рүү дахин нэг этгээд халдсан учир Их Британи даяараа өнөө орой 19:00 цагт гудамжинд гарахаар боллоо” гэж жиргэжээ. Харин Маск хариуд нь “АХИН ДАХИН бөгөөд ДУУ ЧИМЭЭТЭЙГЭЭР жагсч байж л өөрчлөлтийг авчирна” гэжээ.