АНУ, Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр хэрэгжих болсон ч Израиль улс Ливан болон Сири дэх эзэлсэн бүс нутгаа орхихгүй гэж Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Одоогоор Ливаны нутаг дэвсгэрийн 570 км2 нь Израилийн хяналтад байгаа юм. Нетаньяху мэдэгдэлдээ “Бид Ливан дахь аюулгүй байдлын хамгаалалтын бүсэд шаардлагатай гэж үзсэн хугацаандаа үргэлжлэн байрлана” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АНУ, Ираны хэлэлцээрт Ливан ч мөн хамаарах юм. Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф ч Ням гаригт хэлэлцээрийг зарлахдаа “Ливан зэрэг бүх фронтод нэн даруй бөгөөд байнгын гал зогсооно” гэсэн билээ. Гэтэл Нетаньяху дээрх мэдэгдлийг хийсэн нь эмзэг хэлэлцээрийг ганхуулж магадгүй болоод байна.
Израиль улс 2023 оны аравдугаар сараас хойш Ливантай мөргөлдөж байгаа бөгөөд 2024 оны аравдугаар сард хил дамнасан цохилтуудыг эхлүүлсэн. Энэхүү мөргөлдөөн өргөжсөөр Израиль өдгөө Ливаны өмнөд хэсгээр урсдаг Литани голын цаадах газар нутгийг эзлээд байна. Тухайн бүс нутаг нь Израилийн зарласанчлан тэдний аюулгүй байдлын хамгаалалтын бүсийн эцсийн цэг юм.
Израиль Ням гаригт Бейрутын захын нутаг дэвсгэрт цохилт өгч, гурван хүний аминд хүрсэн нь АНУ, Ираны хэлэлцээрийн улаан шугамыг давсан хэрэг гэж үзэж байна.
Энэ цохилт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг ч уурлуулсан. Гэвч Нетаньяху хэвлэлийн бага хурлын үеэр “Би үргэлж Трамптай ижил үзэл бодолтой байдаггүй. Бид олон тохиолдолд санал нийлдэг, гэхдээ төдийлөн санал нийлэхгүй байх тохиолдол ч гардаг. Би Израилийн аюулгүй байдлын ашиг сонирхолд хариуцлага хүлээнэ. Би тэдний төлөө л байгаа” гэжээ.
Израиль улс өөрсдийн эзэлсэн бүс нутгаас ухрахгүй гэдэг мэдэгдлийг тус улсын Батлан хамгаалахын сайд Израиль Кац ч бас хийсэн. Тэрбээр Даваа гаригт /2026.06.15/ хэлэхдээ “Ерөнхий сайд Беньямин Нетаньяху бид хоёр Израилийн хил хязгаар, хотуудыг жихадист элементүүдээс хамгаалахын тулд Ливан, Сири, Газын зурвасын аюулгүй бүсэд армиа хугацаа заахгүйгээр байлгах бодлого баримталж байна. Бид одоогийн болон ирээдүйн дарамт шахалтыг үл харгалзан Израилийн армийг Ливанаас гаргахыг эсэргүүцэж байна” гэжээ.