ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 16 /naked-science/. АНУ-ын Флорида муж улсад төвтэй ашгийн бус “Helios Horizon” байгууллага хатуу төлөвт цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан нисэх онгоцоо амжилттай туршсан тухайгаа мэдэгджээ.
Тус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд туршилтын ахлах нисгэгч Мигель Итурменди 2026 оны зургаадугаар сарын 5-нд Флоридагийн төв хэсэгт орших Зефирхиллс хотын нисэх буудалд анхны богино зайн туршилтын нислэгүүдийг үйлджээ. Нислэгийг шинэчлэн сайжруулсан “Pipistrel Taurus” моторт нисэх онгоцоор хийсэн бөгөөд уг онгоцыг “Helios Horizon” хэмээн нэрлэсэн байна.
Өмнө нь уг нисэх онгоцонд нэг килограмм тутамд 260 Вт/цагийн эрчим хүчний зарцуулалттай лити-ион батарей ашигладаг байсан бол хатуу төлөвт цэнэг хураагуур суурилуулсны дараа энэ үзүүлэлт нэг килограмм тутамд 410 Вт/цаг болжээ.
Шинэ цэнэг хураагуур нь орчин үеийн цахилгаан автомашины лити-ион батарейгаас жижиг хэмжээтэй атлаа эрчим хүчний зарцуулалт нь 60-80 хувиар өндөр аж.
Хатуу төлөвт цэнэг хураагуур нь шатамхай шингэн электролитын оронд хатуу материал ашигладгаараа уламжлалт лити-ион батарейгаас ялгаатай. Ийм бүтэц нь халуунд илүү тэсвэртэй, цохилт эсвэл цооролтоос үүсэх гэмтэлд бага өртөмтгий байдаг. Мөн тусгай дэд бүтэц шаардлагагүйгээр стандарт хувьсах гүйдлийн эх үүсвэрээс цэнэглэх боломжтой ажээ.
Нислэгийн үеэр уг онгоц нь суурилуулсан нарны зайн хавтангаар эрчим хүчээ хэсэгчлэн нөхөхөөс гадна, хөдөлгүүр ажиллахгүй үед сэнс нь турбин хэлбэрээр ажиллаж агаарын урсгалаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
“Helios Horizon”-ы мэдээлснээр, шинэ цэнэг хураагуур нь бараг бүрэн цэнэггүй болсон төлөвөөс 80 хувиар цэнэглэгдэх хүртлээ 15 минутаас бага хугацаа шаарддаг байна. Мөн ойрын хоёр жилд эрчим хүчний багтаамжийг дахин 40 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Зургаадугаар сарын 5-ны туршилтын нислэгүүдийн гол зорилго нь шинэ цэнэг хураагуур суурилуулсны дараах жингийн хуваарилалт, тэнцвэржилтийг шалгах байв. Цэнэг хураагуур хүлээж байснаас давсан үзүүлэлттэй ажилласан хэдий ч нислэгийн хамгийн дээд хурд, хүрээний талаарх мэдээллийг одоогоор нийтлээгүй байна.
“Helios Horizon” онгоц өмнө нь өөрийн ангилалд 7300 метрийн өндөрт хүрч дээд амжилт тогтоож байжээ. Харин энэ оны эцэс гэхэд стратосфер давхаргад туршилт хийж, 12 мянган метрээс дээш өндөрт хүргэх зорилт тавьжээ. Энэ нь ихэнх зорчигч тээврийн онгоцны ердийн нислэгийн өндрөөс давсан үзүүлэлт юм.