29 настай Клинтон Могеса Оросын талд тулалдаж байхдаа амь үрэгдсэн.
Кенийн гадаад хэргийн сайд Мусалиа Мудавади Украинд болж буй дайнд Оросын талд тулалдах Кенийн иргэдийг элсүүлж байгааг зогсоохыг зорьж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр Орос, Украины дайнд олон кени хүн амь насаа алдсан бөгөөд энэ байдлыг зогсоох хэрэгтэй гэж онцолжээ. Энэ асуудлаар Орост айлчлах болно гэж Мудавади мэдэгдсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Оросын тал одоогоор хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Кенийн засгийн газрын тооцооллоор ойролцоогоор 200 кени хүн Оросын талд тулалдахаар явсан байна. Тэд албан бус сувгаар явсан бөгөөд бодит тоо үүнээс их байж магадгүй. Украины талын мэдээлснээр Орос улс Африкийн 36 орноос 1,400 гаруй хүнийг армид элсүүлсэн байна. Харин Орос улс гадаадын дайчдыг элсүүлж байгаа гэх мэдээллийг үгүйсгэдэг.
Мудавади сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй Кенийн иргэнийг Оросоос буцаан авчирсан гэж мэдэгдэв. Мөн гадаадад ажилд зуучилна гэж худал амлаж байсан 600 зуучлалын агентлагийг хаасан байна. Тэрбээр Украинд олзлогдсон кени иргэдийг суллуулах, мөн шархадсан иргэдийн биеийн байдлыг шалгах асуудлыг хөндөнө гэж хэлсэн.
Кени улс Оростой визийн бодлого болон хөдөлмөрийн гэрээний хүрээнд цэргийн албанд хууль бусаар элсүүлэхийг хориглох талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн дайнаас буцаж ирсэн иргэдэд сэтгэлзүйн тусламж үзүүлж, сэтгэл санааны гэмтлийг нь эмчлэх, хэт туйлшрахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж. Тус улсын цагдаа нар есдүгээр сард Орос руу нисэх гэж байсан 21 залууг баривчилж, авран хамгаалсан.
Энэ хэрэгт холбогдсон зуучлалын агентлагийн ажилтанд “хүн худалдаалах” гэмт хэрэгт ял тулгасан байна. Мөн хэрэгт холбогдсон Орос иргэнийг Кениэс албадан гаргасан байна.
Украины Кени дэх элчин сайд Орос улс эхлээд Төв Азийн хуучин ЗХУ-ын орнууд, дараа нь Энэтхэг, Балба, одоо Африкаас цэрэг татаж байна гэж хэлжээ. Тэрбээр Орос улс боломжтой бүх газраас дайчид хайж байна гэж мэдэгдсэн юм. Украинд тулалдаж байхдаа хэдэн кени иргэн амь насаа алдсан нь одоогоор тодорхойгүй байна.