ДУБАЙ, 2026 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) Ираны царцаагдсан олон тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөхөөр тохиролцсон тухай дөрвөн эх сурвалж мэдээлжээ. АНУ-Израил болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд өрнөж буй дайны үеэр Булангийн баян чинээлэг тус улс руу Иранаас хэдэн долоо хоногийн турш цохилт өгсний дараа ийм шийдвэр гаргаж байна.
Өмнө нь хэвлэлүүдээр мэдээлж байгаагүй энэхүү алхам нь Иран-АНУ-ын хооронд дайныг зогсоох чиглэлээр явуулж буй өргөн хүрээний хэлэлцээний эцсийн шаттай давхцаж байна. Дипломатчдын мэдээлснээр, уг хэлэлцээний хүрээнд АНУ-ын хориг арга хэмжээний улмаас гадаадын банкуудад царцаагдаад байсан Ираны газрын тосны олон арван тэрбум ам.долларын орлогыг хоригоос чөлөөлөх асуудал хөндөгдөж магадгүй байгаа аж.
Бүс нутгийн хоёр эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлснээр, АНЭУ нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгийг суллахаар тохиролцсоноос 3 тэрбум гаруйг нь хэдийнэ шилжүүлээд байгаа аж.
Харин АНЭУ-ын Гадаад хэргийн яам өнөө өглөө мэдэгдэл гаргаж, мөнгө шилжүүлсэн тухай, тэр дундаа “3 тэрбум ам.доллартай холбоотой” гэх мэдээллийг няцаажээ.
“Эдгээр мэдээлэл нь үндэслэлгүй, худал болохыг батлан мэдэгдэж байна. Ираны царцаагдсан ямар ч хөрөнгийг АНЭУ-аар дамжуулан чөлөөлсөн, шилжүүлсэн, эсвэл зуучилсан зүйл байхгүй” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
Энэхүү тохиролцооны талаарх мэдээлэл бүхий өөр нэг эх сурвалжийн хэлснээр, мөнгө шилжүүлсний хариуд Ираны тал АНЭУ-ын нутаг дэвсгэрт пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгөхөө зогсоох аж. Түүнчлэн талууд тагнуулын мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хоёр талын харилцааг эргэн сэргээхээр тохиролцжээ.