Юн Сук Ёлын ял дахин 30 жилээр нэмэгдлээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд төрийн эсрэг бослого удирдсан хэргээр хоёрдугаар сарын 19-ний өдөр бүх насаар нь хорих ял оноосон. Мөн баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр таван жилийн ял оноосон нь сүүлд давж заалдах шатны шүүхээр ороод, долоон жил болж нэмэгджээ. Үүн дээр нэмээд 2024 онд онц байдал зарлах шалтаг бүрдүүлэхийн тулд Пёньян руу дрон илгээхийг тушаасан хэрэгт буруутган, түүнд дахин 30 жилийн ял оноох хүсэлтийг прокурорын зүгээс дөрөвдүгээр сард гаргаад байсан билээ. Эдгээр нь тус тусдаа ял гэдгийг онцолъё.

Тэгвэл өнөөдөр /2026.06.12/ Сөүлийн төв дүүргийн шүүхээс түүнд 30 жилийн ялыг оноолоо.

Юн Сук Ёл өөрийгөө гэм буруутай гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд давж заалдах боломжтой. Түүний хуульчдын мэдэгдэж буйгаар, Юн Сук Ёл дрон илгээх тушаал огт өгөөгүй, дараа нь ч ажиллагааг зөвшөөрөөгүй. Мөн энэхүү ажиллагаа нь цэргийн онц байдал зарласантай ямар ч холбоогүй бөгөөд Хойд Солонгос хэдэн сарын турш хилийн цаанаас хог хаягдлаар дүүргэсэн агаарын бөмбөлгүүд хөөргөж байсны хариу арга хэмжээ байсан гэж тайлбарлажээ.

Дашрамд дурдахад, хоёр Солонгосын хурцадмал байдлын гол шалтгаан нь дрон нисгэлт хэвээр байгаа юм. БНСУ-ын албан тушаалтнууд нэгдүгээр сард Хойд Солонгос руу дрон илгээсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсоны дараа ерөнхийлөгч Ли Жэ Мён харамсаж буйгаа илэрхийлсэн билээ. Түүний мэдэгдлийг Ким Жон Уны дүү Ким Ё Жон ухаалаг үйлдэл гэж сайшаасан боловч хоёр улсын харилцаа сайжрах найдлага бага хэвээрээ байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн