Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд скаутын хөдөлгөөний оролцоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 11 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын Скаутын холбооны төлөөлөлтэй уулзаж, хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, ур чадвар, оролцоог дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр, санаачилгын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монголын Скаутын холбооны үйл ажиллагаа, боловсролын салбарт үзүүлж буй үр нөлөөний талаар танилцуулсан юм. Тус холбоо хүүхэд, залуусыг төрөл бүрийн мэдлэг, ур чадварт суралцахад чиглэсэн дөрвөн зэрэглэл, 82 төрлийн тэмдэгтийн тогтолцоог хэрэгжүүлдэг ба суралцагчид шинэ зүйл сурч эзэмшсэнээ баталгаажуулан тэмдэг хүртдэг онцлогтой.

“Скаут” хэмээх ойлголт нь монголоор “эрэлч”, “хайгуулч” гэсэн утгатай. Хүүхэд бүрийг мэдлэг, чадварыг эрэлхийлэн суралцах дадалтай болгоход чиглэдэг байна. Мөн скаутын үндсэн зорилго, үйл ажиллагаа нь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн зорилттой уялдаж байгааг талууд онцлов.

Тухайлбал, скаутын гишүүд монголын өв соёл, уламжлалыг судалж, бодит дадал, сургалтаар эзэмшсэн ур чадвараа үнэлүүлэн “Монгол Улсын иргэн” тэмдэг хүртдэг нь шинэ мэдлэг, чадвар эзэмшсэний баталгаа болдог байна. Тус холбоо нь сургуулийн орчны эрүүл мэндийг сайжруулах, STEAM боловсролыг дэмжих, эх оронч үзэл, түүх соёлын мэдлэгийг төлөвшүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлээр нөлөөллийн олон ажлыг хэрэгжүүлдэг талаар танилцуулав.

Үүнд, “Сургуулийн орчны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд охидын эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө мэдээлэл, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдлэгийг түгээхэд хамтран ажиллах боломжтойг хэлэлцсэн байна. Үүнээс гадна сургууль бүрт хэрэгжүүлэхээр зорьж буй “Амин ус” хөтөлбөрийг скаутын хөдөлгөөний зорилттой уялдуулан хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд сургуулийн орчин дахь эрсдэлийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй “Орчны аюулгүй байдлыг хангах” сурагч скаутуудыг бэлтгэх боломжтой аж. Ингэснээр сургуулийн орчин дахь хяналт, хамтын ажиллагаа сайжирч, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих нөхцөл бүрдэж буй Боловсролын яамнаас мэдээлэв. 

Түүнчлэн ирэх хичээлийн жилд 800 багшийг Монголын Скаутын холбооны скаутмастер бэлтгэх сургалтад хамруулж, сургууль бүр скаутын багштай болох боломжийн талаар талууд санал солилцлоо. 

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд скаутын хөдөлгөөний оролцоог нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн