“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг шалгаруулав.
Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн их оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсныг Засгийн газрын ХМОНХХ мэдээллээ.
Тус компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан, өрсөлдөх чадвартай компани ажээ.
Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх ач холбогдолтой юм.