БОУАӨЯ, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, ASEIC байгууллага хамтран “Монгол-Солонгос: Хог хаягдлыг дахин боловсруулах салбарын эко-инновацын хамтарсан уулзалт”-ыг зохион байгуулж байна.
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэх, хог хаягдлыг дахин боловсруулахад хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус уулзалтаар тойрог эдийн засгийн бодлого, чиг хандлага, хог хаягдлыг дахин боловсруулах дэвшилтэт технологи, ногоон бизнесийн инновацын шийдэл, Монгол Улс, БНСУ-ын бизнесийн хамтын ажиллагааны боломж, дахин боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, түншлэлийн тухай ярилцав. Мөн салбарын шилдэг туршлагаас суралцах, шинэ технологитой танилцах, хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг судлах нөхцөл бүрдүүлж байгааг БОУАӨЯ мэдээллээ.

Тус яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх уулзалтыг нээж хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ногоон хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв. Салбарын хөгжлийг хурдасгах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэ уулзалтад төрийн байгууллага, хувийн хэвшил, дахин боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.
Монгол Улсад жилд 2.8 сая тонн орчим хог хаягдал үүсдэг. Техникийн хувьд нийт хог хаягдлын 22-30 хувийг дахин боловсруулах боломжтой гэдэг ч хамгийн том сорилт нь хогийг ангилан ялгаж, цуглуулах дэд бүтэц муу байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай улс 2020-2023 онд хатуу хог хаягдлын 7.9 хувийг дахин ашиглаж, боловсруулсан нь нийт хог хаягдлын 6.5 хувийг л эзэлжээ.