, 2026 оны зургаадугаар сарын 9Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос нөөцийн мах худалдаанд гаргасан ч дөрөвдүгээр сард нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.
Тухайн үед буюу тавдугаар сарын 18-нд гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан махны хэмжээгээр тус аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг чиглэл болголоо.
Түүнчлэн нийслэлээс хяналт шалгалт хийхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоожээ. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө. Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гаргахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.