“Instagram” болон “YouTube” платформын сэтгэцэд үзүүлэх нөлөөллийг авч хэлэлцсэн түүхэн шүүх хурал Калифорнид эхэлжээ. Лос Анжелесын Дээд шүүх эдгээр платформын цаана байдаг компаниудыг донтолтын машин бүтээсэн гэж буруутгаж байна. Мөн болзошгүй аюулын талаар залуу хэрэглэгчдэд анхааруулга өгөөгүй гэж буруутгав.
Даваа гаригт /2026.02.09/ “K.G.M.” эсвэл “Kaley G.M.” гэх товчилсон нэртэй иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцжээ. Тэрбээр насанд хүрээгүй байхдаа цахим сүлжээнд донтсоноосоо болоод сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан гэж гомдол гаргажээ. Үйлчлүүлэгчийнх нь донтолт хайхрамжгүй байдлаас бус бусад асуудлаас үүдэлтэй гэж Дээд шүүх мэдэгдэж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Марк Лэниер “Энэ хэрэг нь хүүхдийн тархинд донтолт үүсгэсэн түүхэн дэх хамгийн баян хоёр корпорацитай холбогдоно. Би та бүхэнд тэдний бүтээсэн донтолтын машин, хүмүүсийн ердийн үед харж чаддаггүй дотоод баримт бичгүүд, Марк Зукерберг болон бусад удирдлагын цахим шуудангуудыг үзүүлэх болно” гэжээ.
Тодруулбал, Зукерберг 2015 оны нэгэн цахим шуудандаа хэрэглэгчдийн цахим хэрэглээнд зарцуулдаг цагийг 12 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан байв.
“YouTube” нь “YouTube Kids”-тэйгээ харьцуулахад зар сурталчилгааны компаниудаас илүү их төлбөр авах боломжтой байдаг. Иймд залуу хэрэглэгчдийг зориуд чиглүүлдэг аж. Үүний зэрэгцээ завгүй эцэг эхчүүдийг онилдог гэж Марк Лэниер буруутгаж байна.
Харин “Meta” компани энэ бүх буруутгалыг няцаахдаа “Нэхэмжлэл гаргагч нь гэр бүлийн үймээн самуун, үл тоомсорлол, хүчирхийлэл, дээрэлхэлттэй тулгардаг хүн. Энэ бэрхшээлээ даван туулах гэж асар их хичээл зүтгэл гаргасныг нь биширч байна” гэжээ. “Meta”-ийн мэдэгдсэнээр, “Kaley G.M.” нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан түүхтэй бөгөөд дөнгөж гурван настайгаасаа сэтгэл засалчид очиж байжээ. Ээж нь түүнийг тэнэг, мангараар дуудан хашгирч, амиа хорлох үйлдэл хийх хүртэл нь зовоодог байсныг мөн дурдаад “Хатуу ч гэлээ анхаарч үзүүштэй хэрэг” гэж хэлсэн байна.
Даваа гаригт эхэлсэн шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилнэ.
Дараа дараагийн шүүх хурлуудад мэргэжилтнүүд, нас барсан хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд, Зукерберг, “Instagram”-ын гүйцэтгэх захирал Адам Моссери, “YouTube”-ийн гүйцэтгэх захирал Нил Мохан нар мэдүүлэгч өгч оролцох юм. Мөн энэ асуудлын талаар шүгэл үлээж, улмаар ажлаасаа гарсан “Meta”-ийн хуучин ажилтнуудын үгийг сонсоно.