Хүний эрхийн идэвхтэн Нэргэс Мохаммадид Ираны шүүх Ням гаригт (2026.02.08) долоон жил хагасын хорих ял оноосон байна. Түүнд “бүлэглэн зохион байгуулсан, хуйвалдсан” гэх үндэслэлээр зургаан жил, “суртал ухуулгын үйл ажиллагаа явуулсан” гэх хэргээр нэг жил хагасын ял өгчээ.
Энэхүү шийдвэрийг Машхад хотын шүүх гаргасан. Мохаммади оффистоо нас барсан байдалтай олдсон хуульч Хосров Аликордигийн дурсгалын арга хэмжээнд оролцож байх үедээ буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчлагдсан юм. Ираны эрх баригчид түүнийг “өдөөн хатгасан үг хэлсэн” гэж мэдэгдэж байна. Гэр бүлийнхэн нь цагдаа нар түүнийг баривчлах үедээ зодсон тул дараа нь эмнэлэгт хүргэгдсэн гэв. Гэсэн хэдий ч удалгүй хорих ангид буцаан шилжүүлсэн байжээ.
53 настай Мохаммади Иранд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн үйл ажиллагааныхаа төлөө 2023 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн юм.
Хорих ялаас гадна шүүхээс түүнийг хоёр жилийн хугацаанд гадаадад зорчихыг хориглож, Ираны зүүн хэсгийн Хүсф бүсэд хоёр жил цөлөх шийдвэр гаргасан байна. Түүний өмгөөлөгч шүүх хурлыг шударга бус байсан хэмээн шүүмжилж, “хуурамч шүүх” гэж тодорхойлжээ.
Мохаммади хоёрдугаар сарын 2-ноос өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудсаны улмаас гурав хоногийн өмнө эмнэлэгт хүргэгдсэн. Гэсэн хэдий ч дараа нь түүнийг дахин хорих байранд буцаан авчирсан байна. Түүний нөхөр Таги Рахмани “энэ шүүх засаглал хууль ёсны биш” бөгөөд энэ үйл явц нь “урьдчилан тодорхойлсон улс төрийн зорилготой” гэж шүүмжилжээ. Тэрбээр мөн эхнэр нь шүүхийг худал, хуурмаг гэж бат итгэсэн тул өөрийгөө өмгөөлөхөөс татгалзсан гэж мэдэгджээ. Харин охин нь болох Киана Рахмани ээжийнхээ эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Мохаммади аль хэдийн 13 жилийг шоронд өнгөрүүлсэн. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, энэхүү шинэ ял нь түүний нийт яллах хугацааг 44 жил болгож байна.