Филиппинд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Филиппиний өмнөд хэсэгт Женерал Сантос хотын эрэг дагуу өнөө өглөө /2026.06.08/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас эрэг дагуу нэг метрийн цунамийн давалгаа үүсч, тог цахилгаан тасрав. Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор ард иргэдийг өндөрлөг газар луу яаралтай дүрвэхийг сануулаад байна. Одоогоор хохирлын тоо хэмжээ хараахан гараагүй байна. Анхны газар хөдлөлтийн дараах чичиргээний хүч 6.5 магнитуд хүрчээ.

Женерал Сантос нь 700 мянга гаруй хүн амтай бөгөөд өмнөд бүсийн худалдааны төв болсон хот. Тус хотын эдийн засаг туна үйлдвэрлэл дээр тогтдог.

Номхон далайн цунамийн анхааруулгын төвөөс мэдээлснээр, Филиппиний зарим хэсэгт цунамийн давалгаа гурван метр ч хүрэх магадлалтай байгаа аж. Харин Индонез, Малайзын эрэг орчмын зарим газарт цунамийн давалгаа нэг метр хүрэх магадлалтай байна. Түүнчлэн Тайвань, Япон, Папуа шинэ Гвиней болон Номхон далайн баруун хэсгийн зарим арал, бүс нутгуудад далайд бага хэмжээний өөрчлөлт мэдрэгджээ.

Дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий орнуудын нэг болох Филиппин улс нь Номхон далайн галын цагираг дээр байрладаг. Иймд газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ойр ойрхон болдог онцлогтой. Мөн жил бүр 20 орчим удаа хар салхи, халуун орны шуурганд өртдөг.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн