БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд энэ сарын 4-7-н зохион байгуулсан “Seoul International Travel Fair (SITF) 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн дор оролцож, “Best Booth” буюу “Шилдэг бүүт” шагнал хүртэв.
Энэхүү үзэсгэлэн 40 гаруй жилийн түүхтэй Азийн томоохон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг бөгөөд дэлхийн олон орны аялал жуулчлалын байгууллага, тур оператор, зочлох үйлчилгээний байгууллагуудыг нэг дор цуглуулдгаараа онцлог юм.
Монгол Улс тус үзэсгэлэнд үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын үзүүлбэрүүдийг сурталчлан оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн талбайн шийдэл, бүтээлч зохион байгуулалт, зочдын оролцоог хангасан үйл ажиллагаагаараа онцгойрон үнэлэгдэж, гурав дахь удаагаа “Шилдэг бүүт” шагналыг хүртсэнийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.
