ЕРЕВАН, 2026 оны зургаадугаар сарын 7 /TASS/. Армений парламентын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгууль явуулах тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Ваагн Хачатурян хоёрдугаар сарын 6-нд гарын үсэг зуржээ.
Армений Ерөнхий сайд Никол Пашинян болон түүний тэргүүлдэг “Иргэний гэрээ” нам парламентын сонгуульд дараалан гурав дахь удаагаа ялахыг эрмэлзэж байна. 2018 онд “хилэн хувьсгал”-аар засгийн эрхэнд гарсныхаа дараа тэрбээр Арменид хэн ч дараалан хоёроос илүү удаа засаглах ёсгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ удаагийн сонгуульд Н.Пашиняны гол өрсөлдөгчөөр “Хүчирхэг Армени” эвслийн тэргүүн, бизнес эрхлэгч Самвел Карапетян нэрлэгдэж байна. Түүний байгуулсан эвсэлд “Хүчирхэг Армени”, “Шинэ эрин”, “Нэгдсэн армянчууд” намууд нэгджээ.
С.Карапетяны нам зургаадугаар сарын 3-нд Бүгд найрамдах улсын талбайд олон мянган хүнийг хамарсан цуглаан зохион байгуулжээ. Үүнээс хоёр хоногийн дараа барууны чиг баримжаатай, Арам Саркисяны тэргүүлдэг “Бүгд найрамдах улс” нам Н.Пашиняны шууд заавраар С.Карапетяны эвслийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах өргөдлийг Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) гаргасан боловч зургаадугаар сарын 6-нд шилжих шөнө уг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Зургаадугаар сарын 5-нд Н.Пашиняныг дэмжигчид мөн л Бүгд найрамдах улсын талбайд олон мянган хүнийг хамарсан цуглаан хийсэн боловч эрх баригчид засаг захиргааны нөөц бололцоогоо ашиглаж, энэхүү арга хэмжээнд хүмүүсийг зохион байгуулалттайгаар авчирсан гэх олон тооны баримт нотолгоог сэтгүүлчид нийтэлжээ.
Парламентад сонгогдох магадлалтай улс төрчдийн тоонд тус улсын Ерөнхийлөгч асан Роберт Кочарян багтаж байгаа бөгөөд тэрбээр Арменийн хувьсгалт “Дашнакцутюн” холбоо, “Урагшаа” нам, бизнес эрхлэгч Гагик Царукяны “Хөгжин дэвжиж буй Армени”, хүний эрхийн омбудсмен асан Арман Татояны “Эв нэгдлийн жигүүр” намуудтай хамтран “Армени” эвслийг байгуулсан байна.
Сонгуулийн өмнөх сурталчилгаа эрх баригчид сөрөг хүчнийхэнд хүчтэй дарамт үзүүлсэн нөхцөлд болжээ. Сөрөг хүчний төлөөлөгчдийг олноор нь саатуулсан тухай мэдээллүүд гарсан байна. Тухайлбал, зургаадугаар сарын 5-ны өдөр Н.Пашинян өрсөлдөгчдийг нь “илрүүлж, аюулгүй болгон, шоронд хорихын тулд” шуурхай арга хэмжээ авахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон гэж мэдээлжээ.
“Gallup” судалгааны байгууллагын түнш “MPG” компанийн явуулсан санал асуулгаар Н.Пашиняны нам 32.4 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа хэдий ч үнэмлэхүй олонхыг бүрдүүлж чадахгүй байх төлөвтэй байна. Санал асуулгад оролцогчдын 16.4 хувь нь “Хүчирхэг Армени” эвслийг дэмжихээ илэрхийлжээ. Харин Армены Ерөнхийлөгч асан Р.Кочаряны “Армения” (Айастан) эвслийн төлөө 15.2 хувь нь, бизнес эрхлэгч Г.Царукяны “Хөгжин дэвжиж буй Армени” намын төлөө 8.8 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн хүний эрхийн омбудсмен асан А.Татояны байгуулсан “Эв нэгдлийн жигүүр” нам парламентын босгыг (6.2 хувь) давж магадгүй байна.
Хэрэв улс төрийн аль ч хүчин 54 хувийн суудал авч чадахгүй бол Сонгуулийн хуулийн дагуу бүх намуудад эвслийн засгийн газар байгуулах зургаан хоногийн хугацаа олгоно. Хэрэв парламентад гишүүдийн 54 хувиас бүрдсэн эвсэл байгуулж чадахгүй бол сонгууль явагдсанаас хойш 28 хоногийн дараа хоёр дахь шатны сонгуулийг товлох бөгөөд эхний шатанд хамгийн олон санал авсан улс төрийн хоёр хүчин оролцоно.
Шинжээчид хоёр дахь шатны сонгууль явагдах магадлалыг бага гэж үзэж байгаа хэдий ч бүрмөсөн үгүйсгэхгүй байна. Үүнээс гадна, сонгуулийн дараа тус улсад жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна.
Арменид нийт 2.5 сая орчим сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд улс даяар 2500 орчим сонгуулийн хэсэг ажиллаж байна. Тэдгээрийн 1700 орчим нь камерын хяналттай бөгөөд санал хураалтын явцыг цахимаар ажиглах боломжтой.
Гадаадад амьдарч буй армянчуудын хувьд сонгуулийн хэсэг ажиллахгүй тул зөвхөн эх орондоо ирж санал өгөх боломжтой байна. Эрх баригчид ОХУ-аас ирэх сонгогчид сөрөг хүчнийг дэмжиж болзошгүй гэж үзэн, тэдний ирцийг бууруулахын тулд тус улс руу нэвтэрч буй цэргийн алба хаах үүрэгтэй эрэгтэйчүүдэд 25 хоногийн цэргийн сургуулилалтад хамрагдах зарлан дуудах хуудас гардуулж байгаа талаар мэдээлжээ.
Харин дипломат төлөөлөгчийн газар, консулын ажилтнууд, гадаадад суралцагчид болон тэдний гэр бүлийнхэн тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд цахимаар санал өгчээ. Тэдний саналын дүнг үндсэн санал хураалтын дүнтэй хамт нэгтгэн нийтлэх аж.