Ким Жон Ун 10 мянган тоннын эсминец барихыг үүрэгджээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 10 мянган тоннын эсминец (том оврын байлдааны хөлөг) барьж, усан доорх нууц зэвсэг хөгжүүлэхийг тэнгисийн цэргийн хүчиндээ даалгажээ. Тэрбээр зургадугаар сарын 4-ний өдөр тэнгисийн цэргийн туршилтад хяналт тавьж, 5000 тоннын даацтай “Kang Kon” эсминецэд суун, өөр нэг 5000 тоннын байлдааны хөлөг болох “Choe Hyon”-ыг ажигласан байна. Хөлөг онгоцны ажиглалтын үеэр Кимтэй хамт түүний охин Чу Аэ байлцжээ.

Ирэх долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчлах болсон билээ. Ким Жон Ун энэ айлчлалаас урьтан цэргийн болон зэвсгийн объектуудаар үргэлжлүүлэн зочилж байгаа аж.

Дээр дурдсан “Kang Kon” эсминец нь өнгөрсөн жил нээлтийн ёслолын үеэр тавцангаас гулс унан, хөмөрсөн билээ. Ёслолд биечлэн оролцож байсан Ким уг ослыг тэвчиж боломгүй гэмт үйлдэл хэмээн буруутгасан. Улмаар хөлөг онгоцыг яаралтай засварлаж, дараа сард нь дахин усанд тавих ёслол зохион байгуулжээ.

Өмнөд Солонгосын шинжээч Хон Миний хэлснээр, Хойд Солонгос улс 10 мянган тоннын эсминец барих төлөвлөгөөгөө анх удаа дурдсан нь энэ аж. Ким Жон Ун Хятадын дарга Ши Жиньпиний айлчлалаас өмнө улсынхаа чадавхыг харуулахыг зорьж байж магадгүй гэж Хон Мин хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн