САНКТ-ПЕТЕРБУРГ, 2026 оны зургадугаар сарын 6 /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын Канцлер асан Герхард Шрёдертэй ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд уг уулзалт “сайхан, найрсаг” уур амьсгалд болсон гэж В.Путиний туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд баасан гарагт уламжилжээ.
“Ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд ярилцсан. Уулзалт нүүр тулсан, ганцаарчилсан хэлбэрээр болсон” гэж Ю.Ушаков хэлсэн байна.
В.Путин өнгөрсөн сард Европын аюулгүй байдлын шинэ зохицуулалтын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд уг үйл явцад түншлэхэд хамгийн тохиромжтой хүнээр Г.Шрёдерийг нэрлэж байсан юм.
Гэвч Брюссельд болсон Европын Холбооны (ЕХ) Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Г.Шрёдерт ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлгэхгүй байхаар шийджээ. ЕХ-ны гадаад бодлогын байгууллагын тэргүүн Кая Каллас мэдэгдэхдээ, түүнийг оролцуулбал “хэлэлцээний хоёр талын ашиг сонирхлыг зэрэг төлөөлж байгаа мэт харагдана” гэжээ.
Ю.Ушаков түүнчлэн АНУ-ын дипломат ажиллагаа Иранд өрнөж буй үйл явдалд төвлөрч байгааг тэмдэглээд, Уиткофф, Кушнер нарын Москвад хийх айлчлалд “бэлтгэж байгаа боловч товыг хараахан тохиролцоогүй байна” гэж мэдэгдсэн байна.