Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ сарын 9-18-ны өдрүүдэд Европын орнуудаар айлчлах гэж байна. Тэрбээр Франц улсад болох “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохын зэрэгцээ бусад улсад айлчлах юм. “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 15-17-ний өдрүүдэд болно.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун-лакийн хэлснээр Ли Жэ Мён Бельги, Итали, Ватиканд айлчилна. Ли юун түрүүнд 9, 10-ны өдрүүдэд Брюссельд айлчилж, Бельги, Европын холбооны удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийнэ. Үргэлжлээд 11-13-ны өдрүүдэд Италид төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Италийн ерөнхийлөгч Сергио Маттареллатай дээд хэмжээний уулзалт хийж, ерөнхий сайд Жиоржиа Мелонитой уулзана. Харин 14-15-ны өдрүүдэд Ватиканд айлчилж, пап XIV Леотой уулзах аж.
Энэ жил Өмнөд Солонгос, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 125 жилийн ой болж буй. Ли Жэ Мёны айлчлал уг ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Өмнөд Солонгосын компаниудын Европын зах зээл дэх тогтвортой байр суурийг бататгах яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.