ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 5 /Reuters/. “X” нийгмийн сүлжээг эзэмшигч, тэрбумтан Илон Маск олон нийтийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн хүн амины хэргийн талаар өөрийн платформд нийтэлсний дараа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер түүнийг тус улсын улс төрд хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй гэж пүрэв гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн онд 18 настай Хенри Новак гэдэг залуу хутгалуулж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байх үед хутгалсан этгээд “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж халдсан” хэмээн цагдаад худал мэдүүлсний улмаас Их Британийн цагдаа нар түүнийг гавласан байжээ. Сикх шашинтай уг хутгалсан уг этгээдэд даваа гарагт ял оноосон байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа нийтэд дэлгэсэн дүрс бичлэгт цагдаагийн алба хаагчид амь тэмцэн хэвтэж байсан гэм буруугүй залуугийн тусламж хүссэн гуйлтыг үл тоомсорлож буй нь харагдсан байна. Энэхүү бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цагдаагийн байгууллага янз бүрийн үндэстэн, угсаатны хүмүүст хэрхэн ханддаг талаар улс төрийн маргааныг дэгдээжээ.
К.Стармер мэдэгдэхдээ, уг хэрэг явдалд хэрхэн арга хэмжээ авсан талаарх ноцтой асуултуудад цагдаагийн байгууллага хариулах шаардлагатай хэмээн хэлсэн хэдий ч мягмар гаргийн шөнө гарсан эмх замбараагүй байдал, хүчирхийлэл дагуулсан эсэргүүцлийн жагсаалыг буруушааж, хүний амь нас хохирсон явдлыг далимдуулан хурцадмал байдал үүсгэхийг оролдох нь “уучилж болшгүй” үйлдэл гэжээ.
“И.Маск сүүлийн хэд хоногт манай улсын улс төрд дахин хөндлөнгөөс оролцож, нийгмийг хагаралдуулахыг оролдож байна. Энэ бол британичууд бидний баримталдаг зарчим биш” гэж К.Стармер сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
И.Маск өөрийн “X” цахим хуудсанд уг хэргийн талаар нийтлэхдээ, цагдаа нарыг цагаан арьстнуудыг алагчилан үздэг хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд, Тэрбээр мөн уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар бусад хэрэглэгчдийн шүүмжлэлтэй сэтгэгдэлүүдийг хуваалцжээ.
Хууль сахиулах үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхах хандлага гаргасан гэж буруутгасныг цагдаагийн байгууллага болон Засгийн газар эрс няцаасан байна.