143 мянган долларын үнэтэй 100 мянган жоом хурааж авчээ

Австралийн эрх баригчид Шинэ Өмнөд Уэльс мужийн нэгэн арилжааны үржүүлэгчээс гарын алганы дайтай 100 мянга гаруй хууль бус жоомыг хураан авчээ. Тодруулбал, Сиднейгээс баруун тийш 200 км-ийн зайд орших Батерст дахь үржүүлэгчээс 200 мянган австрали доллар буюу 143 мянган ам.долларын үнэ бүхий Мадагаскарын исгэрдэг жоом болон Дубиа жоомыг хураан авсан. Энэхүү хоёр төрөл зүйлийг Австрали руу хууль ёсоор импортлох, хадгалах, үржүүлэх, зарах боломжгүй.

Энэ нь хууль бус сээр нуруугүй амьтдыг хураасан хамгийн том тохиолдол гэж эрх баригчид мэдэгджээ. Хууль бус ямар ч шавж нь өвчин тарааж, уугуул зэрлэг ан амьтан, хөдөө аж ахуйд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Тиймээс гэрийн тэжээвэр амьтдад ихэвчлэн хоол болгон өгдөг эдгээр жоомыг устгах болно гэж эрх баригчид мөн мэдэгдсэн байна.

“Бид байгалийн зэрлэг жоомыг хууль бусаар үржүүлж, худалдаалж байгааг олж илрүүлсэн бөгөөд гэрийн тэжээвэр амьтан худалдаалдаг бизнес эрхлэгч болон гэрийн тэжээвэр амьтдын эздэд мэдэгдэл хүргүүлсэн” гэж Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчин, усны яамны (DCCEEW) хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. “Хэрэв та Дубиа жоом, Мадагаскарын исгэрдэг жоом зэрэг байгалийн зэрлэг жоом эзэмшиж, үржүүлж эсвэл худалдаалж байгаа бол хураалгаж, хуулийн дагуу торгуулах болно” гэж анхааруулжээ.

Мадагаскарын исгэрдэг жоом нь дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтны төрөл зүйлд ордог бөгөөд сонсогдохуйц чанга исгэрэх чимээ гаргадаг. Могой баригч Стефани Лессер “ABC” телевизэд хууль бус сээр нуруугүй амьтдыг мөлхөгчдийн хоол болгон онлайнаар зарж байхыг харсан талаараа ярьжээ. “Хүмүүс эдгээрийг алганы дайтай том учраас авдаг. Мөлхөгч амьтан тэжээдэг хүмүүст нэг гүрвэлийг гурваас дөрвөн жижиг жоомоор хооллохоос илүүтэй нэг том жоомоор хооллох нь санхүүгийн хувьд хэмнэлттэй санагддаг” гэж тэрбээр тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн