Хятадын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Хойд Солонгост айлчлах гэж байгааг хоёр улсын засгийн газар өнөөдөр /2026.06.05/ зарлалаа. Айлчлал зургадугаар сарын 8-9-нд үргэлжилнэ. Энэ нь Ши Жиньпиний Хойд Солонгос дахь долоон жилийн дараах анхны айлчлал болно. Тэрбээр хамгийн сүүлд 2019 оны зургадугаар сард Хойд Солонгост айлчилсан юм.
Ши Жиньпин хэдхэн долоо хоногийн өмнө Бээжин хотноо АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарыг хүлээн авсан билээ. Энэ 2026 он гарсаар дэлхийн 23 улсаас 26 удирдагчийг эх орондоо хүлээн авсан Ши Жиньпин энэ удаад Хойд Солонгос руу хилийн дээс алхах гэж байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун айлчлалын тухай зарлахынхаа өмнөхөн цөмийн шинэ байгууламжаар зочилсон билээ. Энэ үйлдэл нь Ши Жиньпиний айлчлалын өмнө цөмийн зэвсэгтэй улс гэсэн статусаа эргэлт буцалтгүй баталгаажуулах гэсэн Хойд Солонгосын оролдлого гэж шинжээчид үзэж байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн Умардын шинэ цөмийн байгууламжийг уран баяжуулах үйлдвэр гэж үнэлээд буй.
Ким Жон Ун сүүлийн жилүүдэд Оростой харилцаагаа гүнзгийрүүлж, Украин дахь дайнд цэрэг хүртэл илгээсэн. Үүний зэрэгцээ худалдааны хамгийн том түнш, хүмүүнлэгийн тусламжаар хангагч Хятадтай ч эв эеээ алдахгүйг хичээж байна. Ши, Ким нар хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Бээжинд уулзаж, харилцан бие биеэ дэмжих, хамтран ажиллахаа амлацгаасан билээ.