АНУ-ыг зорьсон цагаачид төрийн харьяа саатуулах төвүүдэд хоригдож байх хугацаандаа нас барах тохиолдол нэмэгдсээр байна. Гэтэл АНУ-ын Цагаачлал, гаалийн алба нас баралтыг албан ёсоор мэдээлэх үүргээ умартаж байгааг “The Washington Post” хэвлэлд мэдээлэв.
Цагаачлал, гаалийн албаны түр захирал Дэвид Вентурелла зургадугаар сарын 4-ний өдөр ажилтнуудад бичгээр мэдэгдэл хүргүүлэхдээ цагаачдыг хорих төвөөс суллагдсанаас хойш 30 хоногийн дотор нас барсан хүмүүсийн талаарх тайлан гаргах үүргийг цуцалж буйгаа зарлажээ. Ингэснээр өмнө нь зөвхөн цагаачдыг хорих төвийн шууд хяналтад байх үеийн нас баралтыг л мэдээлдэг байсан жишиг рүүгээ эргэн очиж байгаа аж.
30 хоногийн журмыг 2021 онд ерөнхийлөгч Жо Байдены үед хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Цагаачлал, гаалийн албыг хүнд өвчтэй хоригдлуудыг сулласныхаа дараа хариуцлагаас бултах боломжгүй болгох зорилготой бодлого байжээ. Тухайн жил Калифорни дахь Аделанто саатуулах төвд хоригдож байхдаа Covid-19-ийн халдвар авсан нэгэн эр суллагдаад гурав хоногийн дараа нас барсан хэрэг гарсан. Саатуулах төвд нас барсан гэсэн бүртгэлээс зайлсхийхийн тулд өвчтэй хүнийг зориуд суллаж болохгүйг энэ бодлого тодорхой болгож байсан юм.
Гэвч Цагаачлал, гаалийн албаны харьяаллаас гарсан хүний нас баралтыг агентлаг хянах, шалгах үүрэгтэй байх нь утгагүй гэж Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгч мэдэгджээ.
Энэ оны эхний таван сарын хугацаанд 18 хоригдол нас барсан тухай мэдээлснээс хойш АНУ-ын Цагаачлал, гаалийн алба саатуулах байгууламжууд дахь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шахалтад улам ихээр өртөж байна. 2025 онд бүтэн жилийн хугацаанд 30 орчим хүн саатуулах байранд нас барсан. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байсан ажээ.