Өмнөд солонгосчууд зургадугаар сарын 3-ны өдөр 16 томоохон хот, мужийн захирагчийг сонгох орон нутгийн сонгуульд оролцлоо. Энэ сонгууль нь Юн Сук Ёлын бүтэлгүйтлийн дараа консерватив үзэлтнүүд дахин нэгдэж чадах эсэхийг шалгах сорилт болж байна. Гэвч саналын хуудас сонгууль өгөхөөр очсон бүх иргэнд хүрэлцээгүй нь олны дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийг өдөөв. Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн хороо энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдээд байна.
10 гаруй санал авах байранд саналын хуудас дууссан тохиолдол гарчээ. Үүнээс болж зарим сонгогч хэдэн цагаар хүлээх, эсвэл саналаа өгөлгүйгээр буцсан байна. Түүнчлэн Сөүлийн нэгэн дүүрэгт жагсагчид саналын хайрцгийг санал авах байрнаас гаргахыг хоригложээ. Мөн хүн бүр саналаа өгөх хүртэл саналын хайрцгийг нээхгүй байх шаардлагыг хүргүүлж байна.
Сонгпа дүүргийн оршин суугч Ли зургадугаар сарын 3-ны үдээс хойш ирэхэд санал авах байранд саналын хуудас дууссан байсан аж. Тиймээс нэмэлтээр 50 хуудас ирэх хүртэл гурван цаг орчим хүлээжээ. Уурлаж хилэгнэсэн хэдэн зуун хүн тэнд хүлээж байсныг Ли хэлсэн байна.
Улмаар өнөө өглөө өөрсдийгөө хэт барууны үзэлтнүүдийг дэмжигчид гэж тодорхойлсон жагсагчид “хуурамч сонгууль” гэх мэт үг хэллэг бүхий уриа лоозон барьж жагсжээ. Жагсагчид сонгуулийн албан тушаалтнуудыг санал авах байрнаас гарахгүй байхыг шаардсан байна.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ хэрэгт харамсаж буйгаа илэрхийлээд, эрх баригчид иргэдийн сонгох эрхийг хэзээ ч зөрчихгүй байх ёстой гэжээ. Мөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг тушаасан байна. Үндэсний сонгуулийн хороо уучлалт гуйж, бүрэн мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэн боловч энэ үйл явдал нь сонгуулийг хойшлуулах, эсвэл дахин санал хураалт явуулах үндэслэл болохгүй гэв.