Миланд “ICE”-ийн эсрэг жагсаал болжээ

Италийн Милан хотод хүмүүс АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ын ажилтнуудыг Өвлийн олимпын наадмын нээлтийн өдөр ажилласныг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид мөн АНУ-д сүүлийн үед холбооны агентууд хоёр удаа энгийн иргэний амь нас эрсэдсэн хэрэгт буруутгаж байна. Нэгэн жагсагч эмэгтэй хэлэхдээ, “Эдгээр ажилтнууд нь ноцтой гэмт хэрэг үйлдсэн тусгай цагдаа шиг. Тэд Олимпын наадамд байх ёсгүй” гэжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Миннесота мужид, “ICE”-ийн ажилтанд буудуулж амиа алдсан Рене Гүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулагдсан байна.

Эсэргүүцэл улам нэмэгдэхийн хэрээр Трампын засаг захиргаа Миннесота мужаас “ICE” болон бусад холбооны зарим ажилтныг татсан ч, хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа үргэлжилж байна. Тус мужид нийт 2,000 орчим “ICE”-ийн ажилтан цагаачдыг барих ажиллагаанд сайн дураар оролцож байна.

Миннеаполис хотын оршин суугч Сержио Амескуа нь испани гаралтай сүмийн пастор юм. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, “Оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс хүртэл ICE-д баригдахаас айж гэрээсээ гарч чадахгүй байгаа тул өөрөө тэдэнд өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг хүргэж өгдөг” гэнэ. Амескуа ойр хавьд “ICE”-ийн ажилтнууд байгаа эсэхийг байнга шалгаж, айлуудад очихоосоо өмнө заавал утсаар холбогддог байна.

Сүмийн мэдээлснээр 29 мянга гаруй өрх ийм тусламж авсан байна.

Орон нутгийн иргэд түүний үйл ажиллагааг улам бүр дэмжиж байгаа бөгөөд пастор Амескуа “Ерөнхийлөгч маань үүнийг зогсоох ёстой. Энэ бол өөрийнх нь улсад үүссэн хүмүүнлэгийн хямрал. Бид түүнийг зогсооно гэж залбирч байна” гэжээ. “ICE”-ийн ажиллагаанд тэрбээр санаа зовниж байгаа ч сүмийн зүгээс тусламжаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн