Лаосын агуйгаас дахин 4 хүнийг аварлаа

Лаосын төв хэсгийн Ксэйсомбун муж дахь агуйд тавдугаар сарын 20-ний өдрөөс хойш гацсан долоон хүний тавыг нь тавдугаар сарын 28-ны өдөр аварсан билээ. Үлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд тусдаа дахин дөрвөн хүнийг агуйгаас аварчээ.

Тавдугаар сарын 30-ны өдөр аварсан дөрвөн хүнийг аврагчид анх 27-ны өдөр олсон байна. Гэвч тэр даруйд нь гаргаж чадалгүй байсаар, гурав хоногийн дараа аварсан аж.

Ксэйсомбун муж дахь агуй нь газрын гүнд туйлын нарийхан тогтоцтой. Зарим хэсгээр өндөр нь ердөө 50 см хүрэх аж. Үүний зэрэгцээ усархаг, шаварлаг болсон тул аврагчдад амаргүй байгаа юм.

Долоон хүн анх алт хайж тус агуй руу орсон бөгөөд энэ нь орхигдсон алтны уурхай аж. Лаос улсад сүүлийн жилүүдэд алт, очир эрдэнэ, цагаан алт олборлох нь ихэссэн. АНУ-д төвтэй Стимсоны төв судалгааны байгууллагын мэдээлснээр, 2023-2025 оны хооронд Лаост энэ төрлийн 200 орчим уурхай нээгджээ. Гэвч байгаль орчны асуудалтай холбоотойгоор засгийн газар өнгөрсөн жилээс хойш алт олборлох шинэ зөвшөөрөл олгоогүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн