Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн нэрэмжит “Кеннеди төв”-ийн нэрэнд өөрийнхөө нэрийг нэмж, “Трамп-Кеннеди төв” болгосон билээ. Түүнчлэн удаан үргэлжлэх засварын ажлын улмаас төвийг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан.
Тэгвэл АНУ-ын дүүргийн шүүгч Кейси Купер тавдугаар сарын 29-ний өдөр “Кеннеди төв”-ийг хаах шийдвэрийг хориглож, Трампын нэрийг нэмсэн нь ч хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр “Тус төвийг байгуулсан хуульд зааснаар төвийг ерөнхийлөгч Кеннедигийн нэрэмжит байна гэж маш тодорхой заасан байгаа. Удирдах зөвлөлийн нэг талын шийдвэрээр өөр ямар ч албан ёсны нэр, эсвэл олон нийтийн дурсгалын нэр өгч болохгүй. Конгресс энэ нэрийг өгч байсан, зөвхөн Конгерсс л нэрийг нь өөрчилж болно” гэжээ. Энэ мэдэгдэл нь шүүгч Кейси Куперын гаргасан 94 хуудас бүхий шийдвэрт багтсан байна.
Шүүхийн шийдвэрийн дараа Трамп бууж өгсөн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Би Худалдааны яаманд Конгресстой хамтран ажиллаж, энэ байгууллагын үйл ажиллагаа, арчилгаа, удирдлагын бүрэн хариуцлагыг Конгресст шилжүүлэхэд шаардлагатай бүх зохицуулалтыг хийхийг үүрэг болгосон” гэж жиргэсэн байна. Үүний зэрэгцээ өөрт нь шударга бус хандаж байгааг онцлоод, хүссэн зүйлийг нь эрх чөлөөтэй хийлгэхгүй юм бол цаашид үргэлжлүүлэх сонирхол алга гэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу хоёр долоо хоногийн дотор “Кеннеди төв”-өөс Трампын нэрийг агуулсан бүх тэмдэглэгээг авч хаяж, цахим хуудас дээрх нэршлүүдийг ч засч янзлах ёстой болж байна.